Дэлхийн хоёрдугаар дайнаас эсэн мэнд үлдсэн “Saturn” буюу Санчир гаригийн нэртэй матар 84 насандаа Москвагийн амьтны хүрээлэнд амьсгал хураасан байна. Миссисипи төрлийн матар 30-50 насладаг ч энэ матар харьцангуй урт насласан нь энэ юм. Москвагийн амьтны хүрээлэн Санчир матарт зориулсан тусгай үзэсгэлэнг Москва хотын Дарвины музейд нээхээр болжээ.
“Магадгүй энэ матар дэлхийн хамгийн урт насласан матар ч байж мэдэх юм. Одоогоор амьд байгаа хамгийн урт настай матар Сербийн нэгэн амьтны хүрээлэнд байдаг Мужа нэртэй эр матар ба 80 орчим настай” хэмээн Москвагийн амьтны хүрээлэнгийн ажилтан ярьжээ.
АНУ уг матрыг анх Берлиний амьтны хүрээлэнд бэлэглэж байсан ба Нацист Германы удирдагч Гитлер тус амьтны хүрээлэнд ойр ойрхон очиж, Санчир матрыг хардаг байсан аж. Зарим судлаачид уг матрыг Гитлерийн хувийн цуглуулгын амьтдын нэг ч гэж үздэг.
1943 оны арваннэгдүгээр сард Берлиний амьтны хүрээлэн агаарын цохилтод өртсөн ч Санчир матар амьд үлджээ. Хачирхалтай нь, матрыг гурван жилийн дараа буюу 1946 онд Германд байрлаж байсан Британийн цэргүүд олж, дараа нь ЗХУ-д шилжүүлж өгсөн байдаг. Дээрх гурван жил Санчир матар хаана, хэрхэн амьдарч байсан нь одоог хүртэл тодорхойгүй байдаг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ