Тойм: Олны анхаарал татсан хэргүүдийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

Тойм: Олны анхаарал татсан хэргүүдийн шүүх хурал хойшлов

Тойм: Олны анхаарал татсан хэргүүдийн шүүх хурал хойшлов

Цар тахлын халдварын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан төр засгаас аль болох хүн олноор цугларч, халдвар тархаахгүй байх арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, монгол түмний их баяр наадмыг цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулахаар тогтов. Тодруулбал, тус хорооны хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дэх жилдээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан нь долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны сонгуулийн нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах ажиллагааг өнгөрч байгаа долоо хоногт зохион байгуулсан зэрэг олон үйл явдал өнгөрч буй долоо хоногт өрнөсөн билээ. Уншигч танаа "Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

НИЙТ 13 НАМ, 4 ЭВСЭЛ, 137 БИЕ ДААГЧ БАРИМТ БИЧГЭЭ СЕХ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх сарын 24-нд болно. Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) нэр дэвшигчдээ бүртгэв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дууслаа.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчид, 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгчээ. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭ АНХ УДАА ЦАХИМААР ТОДРУУЛАВ

Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дэх жилдээ, анх удаа цахимаар зохион байгууллаа. ТОП 100 ААН-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюу Толгой ХХК, ХААН банк, Энержи Ресурс ХХК, НИК, Голомт Банк, Улаанбаатар төмөр зам ХНН, МАК ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд тэргүүлсэн юм.

ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛНА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Баасан гаригийн хуралдаанаараа Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм. Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. Долдугаар сарын 11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно.

Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр хойшлуулав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,
  2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Э.ОЮУНБОЛДЫН ГОМДЛЫН ДАГУУ ХУРАЛДСАН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн байдаг. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн юм. Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.

Тэрхүү гомдлыг өнөөдөр /2020.05.22/ хэлэлцэх байсан ч ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Учир нь, нэхэмжлэгч Э.Оюунболдын төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлууллаа.

Н.ЗОЛЖАРГАЛ НАРЫН ДОЛООН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн Басан гариг (2020.05.22)-т товлосон. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн бөгөөд 13:00 цагт түр завсарласан. Шүүх хуралд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, яллагдагч Н.Золжаргал нар хүрэлцэн ирсэн байв.

Шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулав.

Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

ШТС-ЫН ОЙРОЛЦОО ГАЛ ГАРЧ, ЭРСДЭЛТЭЙ БАЙДАЛ ҮҮСЭВ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар  хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраав. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажилласан юм. Гал гарсан хэсэг Шатахуун түгээх станцтай ойр байрлалтай байгаа нь эрсдэл дагуулж, иргэдийг айдаст автуулав.

Галын талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо "Оньдилт" ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан" гэж мэдээлсэн юм.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 30 КМ ЗАМЫГ БАРЬЖ ДУУСГАВ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 30 километр замыг УБТЗ ХНН-ийн Зам, засварын машинт станцын дөрвөн бригад энэ сарын 22-нд барьж дуусгажээ.

Сануулахад, энэ сарын 11-ний өдөр тус төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад эхний 21 км төмөр замыг угсарч дууссан юм.

Д.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр болов. Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж