"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт" | News.MN

"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт"

"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт"

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт бэлтгэсэн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА-уудаа хүргэж байна.


"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт"

Транспэрэнси Интернэйшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.


-Монгол Улс Олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орноор нэрлэгдэж, хүндхэн нөхцөлд байна. Энэ үед Монгол Улс дахь авлигийн нөхцөл байдал ямар түвшинд байна гэж танай байгууллага дүгнэж байна вэ?

-Монгол Улс дахь авлигын түвшнийг хэмжиж буй том судалгаа бол авлигын индекс гэж хэлж болно. Үүнд есөн эксперт байгууллагын үнэлгээг харгалзан үзэж, дүгнэлт хийдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс авлигын индексээр 40-оос доош оноо авч ирсэн. Тухайлбал, 2012 онд Монгол Улсын хувьд Авлигын индекс 36 оноотой байснаас 2015 онд гэхэд 39 оноо болтлоо өссөн, сайн үзүүлэлт гарч байсан бол 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо, 2019 онд 35 оноо авч 105 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Авлигын индексээр 40 онооноос доош оноо авсан орнуудад авлигын нөхцөл байдал дордох магадлал илүү өндөр байдаг . Ковид19  вирус туссан өвчтөнүүд  амьсгалын аппаратад орсон  тохиолдолд 50 хувиас дээш нь найдваргүй нас барж байгаа тухай судалгаа гарсан байсан түүн шиг манай улс амьсгалын аппаратад орчхоод байна гэсэн үг.

-Авлигын индексийг гаргахад 9 эксперт байгуулагын үнэлгээг харгалзан үздэг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайлбал, Дэлхийн банкны эрхлэн гаргадаг улс орнуудын бодлого ба институтийн үнэлгээ байна. Тус үнэлгээнд Монгол Улсын төсвийн зарцуулалт хэр оновчтой, ил тод байдаг эсэхэд үнэлэлт өгөхөд 100 онооноос 35 оноог л авсан байна. /2018 онд 43 оноо, 2017 онд 43 оноо, 2016 онд 47 оноо/

Хоёрдугаарт, Дэлхийн эдийн засгийн Форумын эрхлэн гаргадаг Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа. Энэ судалгаанд Монгол Улс авах ёстой 100 онооноос 28 оноо авсан. Энэхүү судалгаа Монголын бизнесийн орчин хэр авлигын эрсдэлтэй бэ гэдгийг шалгачихдаг. Энэ мэтчилэн өрсөлдөх чадвар, аудитын байгууллагын ба сонгуулын байгууллагын хараат байдал, авлигын хэрэг шүүхээр шийдэгдэж буй байдал, ялын бодлого, ардчиллын институт зэрэг үзүүлэлтээр олон улсын есөн эксперт байгууллагын үнэлэлтэд үндэслэн Монгол Улсын авлигын индекс тодорхойлогддог. Энэ экспертүүд манайхыг авлигын эрсдэл өндөр гээд дүгнэсэн гэж ойлгож болно.

-Монгол Улсад сүүлийн таван жил авлигын индекс буурсан үзүүлэлттэй байна. Үүний гол шалтгаан юу вэ?

Монгол Улсад авлигын индекс сүүлийн таван жилд буурч байгаа гол шалтгаан нь ардчиллын институт нь сул байгаагийн шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл, Шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал, Хэвлэл мэдээлэл, АТГ, Улс төрийн нам, Аудит, Сонгуулийн ерөнхий хороо, Хувийн хэвшил гэх мэтчилэн институт нь сул, авлигад идэгдчихсэн байгаагийн илрэл гэж хэлж болно.

-Ардчиллын хамгийн чухал институт нь улс төрийн нам. Улс төрийн намын санхүүжилт ил тод бус байдаг нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг ч өнөөдрийг хүртэл шийдлээ олж чадахгүй байгаа нь өөрөө авлигын индекс өндөр байх шалтгаан байх?

-Транспэрэнси интернэйшнл байгууллага улс төрийн намуудад авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн. Энэхүү үнэлгээнээс ажиглахад Монголын улс төрийн намууд бүгд авлигад өртөхөд бэлэн байна, засаглалын асуудалтай байна. Хамгийн энгийн жишээ гэвэл, намуудын дүрэм ба алсын хараа зорилтод авлигатай тэмцэх тухай нэг үг өгүүлбэр ч байхгүй, авлигаас сэргийлэх сургалт судалгаа намуудад хийгддэггүй, хэн мөнгө өгсөн хүнээс хуулийн этгээдээс ямар ч шалгуургүй хандив авахад бэлэн, дотооддоо авлигыг мэдээлэх хянах механизм байхгүй, авлигын эсрэг тэмцдэг лидер байхгүй, намын даргын шийдвэрээр улс төрийн намаас  хяналтын хороо нь хөөдөг, хөөгдвөл захиргааны шүүхэд хандах боломжгүй гэх мэт.  Үүний зэрэгцээ, амралтын өдрүүдэд намууд УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодрууллаа. Харамсалтай нь, тэд олон нийтэд ил тод, хариуцлагатайгаар нэр дэвшигчдээ тодруулж дахиад л чадсангүй. Нөгөө л нэг хуйвалдаан, тохиролцооны аргаар нэр дэвшигчдээ тодруулж байгаа нь харагдлаа.

Мөн улс төрийн намууд угтаа бол иргэдэд үйлчлэх ёстой байгууллага. Гэтэл тэд гишүүддээ үйлчилдэг байгууллага болчихлоо. Сонгуульд ялмагцаа гишүүддээ ажлын байр гаргаж өгдөг. Концесс, ЖДҮ авч өгдөг. Гишүүдээ албан тушаалд томилдог. Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудит нь улс төрийн захиалгаар ажилладаг нь хэвийн үзэгдэл болчихлоо. Сүүлийн 30 жилд хамгийн ил тод байх ёстой улс төрийн намууд авлигажсан институт болж хувирлаа,

-Монгол Улс Авлигатай тэмцэх газартай хэр нь авлигын үзүүлэлт яагаад өсөөд байна вэ?

-Транспэрэнси интернэйшнл байгууллагын үнэлгээ хийсэн байгууллагуудын нэг бол Авлигатай тэмцэх газар. Тэрхүү үнэлэлтээс харахад АТГ-ын эрх зүйн орчин өөрөө асуудалтай. АТГ-ын илрүүлсэн гэмт хэргийн 24 хувийг шүүх шийдэж, 76 хувийг хэрэгсэхгүй болох эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх замаар шийдэгдэхгүй орхигдож байна. Иймээс АТГ хараат бус байдлыг сайжруулах ёстой. Мөн Авлигатай тэмцэх тусгайлсан шүүх байгуулах ёстой. Ийм жишиг дэлхийн олон улсад бий. Өнгөрсөн жил Хонконгийн Авлигатай тэмцэх газрын  зөвлөх Монгол Улсад айлчилсан. Айлчлахынхаа үеэр тэрбээр Монгол шиг цөөн хүн амтай улс авлигатай тэмцэхэд улс төрийн хүсэл зориг байгаад хичэээгээд ажиллавал ганцхан жил хэрэгтэй гэж хэлж байсан. Үүнээс харахад, Монголын улстөрчдөд авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэл алга. Энэ мэтчилэн бид дотооддоо асуудалтай байгаа болохоор гадаадын хоригт орчхож байгаа юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


"Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй"

Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлын үед буюу ердөө нэг сарын дараа бид УИХ-ын ээлжит сонгуулиа зохион байгуулах гэж байна. Тиймээс сонгууль зохион байгуулах, зохион байгуулахдаа юуг анхаарах талаар нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Цар тахалтай үед том хэмжээний сонгууль зохион байгуулсан орон БНСУ боллоо. Та судлаач хүний хувьд тус улсын сонгуулийг судалж үзэв үү. Тэд юун дээр илүү их анхаарч ажиллав?

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс эрхлэн Дэлхий даяарх Covid-19-ийн тархалт ба сонгуульд үзүүлэх нөлөөг судлан байнга шинэчилж буй тоо, мэдээллээс үзэхэд 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 50 орчим орон, муж, нутаг дэвсгэрийн хэмжээнд халдварын тархалт хүндрэхээс сэргийлэн сонгуулиа хойшлуулах шийдвэр гаргасан. Харин Австралийн, Бүгд Найрамдах Доминикан Улс, Францын, Герман зэрэг 10 гаруй оронд орон нутаг, мужийн сонгуулиудаа зохион байгуулсан байна. Ийм онцгой нөхцөлд сонгуулийн санал хураах болон бусад үйл явцыг хэрхэн эрүүл аюулгүй орчинд, маргаан зөрчлөөс ангид зохион байгуулах нь чухал болоод байна. Үүнд чиглэсэн тодорхой шийдэл, арга хэмжээ төлөвлөхөд Covid-19-ийн тархалтын үед сонгууль зохион байгуулсан бусад улсуудын сайн туршлагыг судлах нь чухал. Ялангуяа улсын хэмжээний томоохон сонгуулийг халдварын тархалтыг хүндрүүлэлгүй амжилттай явуулсан орнуудын нэг болох БНСУ-ын туршлагыг онцолж харьцууллаа. Тус улсын засгийн газар нь халдварын тархалтын эсрэг оношилгоо шинжилгээ, хяналт, хавьтлын илрүүлэлт, өөрийгөө тусгаарлах болон олон нийтийн газар бусдаас зай барих шаардлага, гадаадаас ирсэн зорчигчдыг хатуу хөл хорионд байлгах зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Үүнтэй зэрэгцэн 2020 оны Үндэсний Ассамблейн сонгуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард товлосон хугацаанд нь зохион байгуулах боломжтой эсэх талаар улс төрийн хүрээнд болон нийгэмд маргаан өрнөж тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан нь ч вирусийн халдварын тархалтыг амжилттай намжааж чадсанаар сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд байсан. Covid-19-ийн тархалтын үед үндэсний хэмжээнд томоохон сонгууль зохион байгуулж түүчээлсэн анхны орнуудын нэг болсон учраас Өмнөд Солонгосын 21 дэх удаагийн Үндэсний Ассамблейн сонгууль нь бэлтгэл хангах үе шатнаас эхлээд дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Дэлхийн бүх тивийн улсуудын сонгуулийн төв байгууллага, сонгуулийн мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл, улс төрчид Өмнөд Солонгосын туршлагыг эхнээс нь дуустал нүд салгалгүй ажигласан гэхэд болно.

-Бид цар тахлын үед УИХ-ын ээлжит сонгуулиа хийхээр бэлтгэлээ хангаж байна. Одоогоор дотооддоо алдаагүй, зөөвөрлөгдөн ирсэн хүмүүсээ эмчилж байна. Энэ тохиолдолд бид сонгуулийг хэрхэн эрсдэлгүй зохион байгуулах боломжтой вэ?

-Халдварт өвчний тархалт газар авсан онцлог бөгөөд бэрхшээлтэй нөхцөл байдалд сонгууль зохион байгуулсан Солонгосын Үндэсний Сонгуулийн Хороо (ҮСХ) -ны туршлагаас хэд хэдэн асуудал гол анхаарал татсан. Тухайлбал, Covid-19-тэй холбоотой хямрал эхэлсэн цагаас ээлжит сонгуулийг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулах албан ёсны шийдвэр гарах хүртэл ҮСХ-ны зүгээс сонгогчдод саналаа өгөхөд аливаа эрсдэл үүсэхгүй эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулж,  албан ёсны шийдвэр гарсан даруй яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байгаа юм. ҮСХ-ны дарга сонгогчдод хандан гаргасан мэдэгдэлдээ “Сонгуулийн зохион байгуулалтын гол ажил нь ариутгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр хийхэд чиглэх ба энэ хүрээнд ҮСХ сонгогч эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй саналаа өгөх орчныг бүрдүүлэхийн төлөө зохих арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх болно” гэж дурдсан байдаг. Ийнхүү амласнаа нэн даруй ажил хэрэг болгож сонгогч санал өгөх явцдаа вирусийн халдвар авч, бусдад түгээхээс сэргийлэх зорилготой хэд хэдэн онцгой арга хэмжээ авахаа зарласан. Ингэхдээ сонгогчдод урьдчилж болон гэрээсээ санал өгөх боломжийг бий болгосон. Урьдчилсан санал өгөх гэдэг нь оршин суугаа хаяг хамаарахгүйгээр байгаа газраа санал өгөх боломж олгосон. Харин гэрээсээ санал өгөх өргөдлийн маягт бий болгож, ийн хүсэлттэй хүмүүсийн сонгох эрхийг хангаж нэмэлт арга хэмжээ зохион байгуулсан. Мөн санал авах байрны эрүүл, аюулгүй орчныг хангахад дээд зэргээр зохион байгуулсан. Тодруулбал, санал хураах үйл явцын бүхий л үе шатанд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж санал хураах байрны гадна дугаарлахад зай барихаас эхлээд санал хураах байрны дотор байж болох сонгогчдын тоог зохицуулж хязгаарлах, сонгуулийн төхөөрөмж, материалтай харьцахад аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Түүнээс гадна иргэдээ мэдээллээр хангаж, санал хураах, тоолох үйл явцыг ил тод нээлттэй байдлыг нь маш сайн хангасан.

-Урьдчилсан санал хураалт болон оршин суугаа хаяг хамаарахгүйгээр санал авах боломж манай нөхцөлд байж болох уу?

-Солонгост авч хэрэгжүүлсэн сонгогчдын саналыг урьдчилж авах арга хэмжээг Монгол Улсад авч хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд хязгаарлагдмал. УИХ-ын сонгуулийн 63-р зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа болон зөрчлийн улмаас баривчлагдсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах боломжтой. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг сонгогчийн гаргасан хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд явуулахаар хуульчилсан байна.

Харин хуульд заасан хүндэтгэх шалтгаангүй сонгогчдын хувьд санал авах өдөр өөрийн биеэр санал хураах байранд ирж саналаа өгөхөөс өөр аргагүй.

Ийм нөхцөлд санал хураах байранд олон хүн бөөгнөрөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж нэг санал хураах байранд ногдох сонгогчдын тоог аль болох цөөн байхаар тооцон, ариутгал халдваргүйжүүлэлтийн бусад арга хэмжээг судалж нэвтрүүлэх нь зүйтэй.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Сонгуульд нэр дэвшигчдээс асуух "хэцүү" асуулт

Олон улсын эрх зүйч, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.


-Сар гаруйхан хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Тантай сонгогчдын боловсролын талаар ярилцъя. Юуны өмнө сонгогчдын боловсрол гэж юуг хэлээд байна вэ? Түүнд юуг хамааруулж ойлгох ёстой вэ гэсэн асуулт тавья?

-Сонгогчийн боловсрол гэх ойлголт нь сонгогч гэж хэн бэ, сонгуулийн зорилго юу вэ, сонгуулийг ямар арга замаар зохион байгуулах вэ гэдгээс шууд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Тэгэхээр сонгогчийн боловсрол гэдэг нь иргэд сонгуульд саналаа чөлөөтэй, шууд өгөх мэдлэг, чадварын цогцыг хэлж байна. Сонгогчийн боловсрол гэдэгт иргэдэд хэрхэн сонгуульд үр нөлөөтэй оролцох вэ гэдэгт чиглэсэн мэдлэг олгох бүх арга зам хамаарч байна.

-Сүүлийн үед сонгогчдын боловсрол чиглэлээр хийгдсэн ямар судалгаанууд байна вэ? Онцолж анхаармаар асуудал ажиглагдав уу?

-Сонгогчдын боловсролыг илтгэх нэг чухал үзүүлэлт нь сонгуулийн оролцоо байдаг. Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллээс харахад, Улсын Их Хурлын 1992-2016 оны сонгуульд оролцогчийн идэвх буурсаар ирсэн бөгөөд 2016 оны сонгуулиас эхлэн өсөх хандлагатай байна. Тодруулбал, 1992 оны сонгуульд сонгогчдын оролцоо 95% байсан бол, энэ үзүүлэлт тогтмол буурч, 2012 онд 67% болсон. Харин 2016 онд сонгогчдын оролцооны хувь 74.4 болж өссөн. 2016 оны сонгуульд сонгогчдын оролцооны хувийг авч үзэхэд, насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа бөгөөд 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцжээ. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж, сонгуульд санал өгөх эрхтэй болсон. Гэвч 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байна. Энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй байна. Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгуульд 18-25 насны сонгогчдыг идэвхтэй оролцуулах нь чухал болж байна.

-Монголчууд олон сонгуульд оролцсон. Тэр хэрээр сонгогчдын боловсрол мэдлэг дээшилсэн гэж та бодож байна уу? 

-Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалтад 100 мянга орчим иргэн хоосон буюу хэнийг нь ч сонгохгүй гэх утгатай санал өгсөн. Сонгогчдын ирц нэмэгдэж байна. Түүнчлэн цахим орчинд сонгуулийн үйл явц, нэр дэвшигчдийн талаар иргэдийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна. Эндээс харахад сонгогчдын мэдлэг, боловсрол дээшилсэн.

-Сонгогчид нимгэн боловсролтой байх нь улс төрчдөд ашигтай. Манайд сонгогчдын боловсролд анхаарал хандуулдаг газар бараг байхгүй. Тиймээс сонгогчид “харанхуй” байдлаар, шуудхан хэлэхэд хэн мөнгө өгнө түүнд саналаа өгдөг. Энэ байдлыг яаж арилгах вэ?

-Сонгуулийн хууль тогтоомж, Зөрчлийн тухай хуульд иргэдийн сонгуульд саналаа чөлөөтэй, шууд өгөх эрхэд зүй бусаар нөлөөлөх аливаа оролдлогыг хууль бус гэж үзэж, хариуцлага хүлээлгэхээр заасан. Ингэж сонгуулийн бие даасан байдлыг хангана.

Тодруулбал, сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарсан; саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан; аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол 10 сая төгрөгөөр торгоно.

Үүнээс гадна хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн; нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн; сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан; ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн; хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөн бол хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно.

Мөн сонгуулийн сурталчилгааны явцад хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан; зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн; сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан; нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан бол хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно.

Тэгэхээр иргэд, сонгогчдын хувьд сонгуулийн үеэр хориглосон аливаа үйл ажиллагааг мэдсэн бол цагдаагийн байгууллага, сонгуулийн байгууллагад тухай бүр хандаж, сонгох эрхээ хамгаалах хэрэгтэй болж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Н.Алтанхундага: Халдвар авалгүй эх орондоо ирэхийг зорьсон

ОХУ-аас ирсэн Монгол Улсын зарим иргэн хилээр нэвтрэх үеэр Covid-19-ийн халдвар авсан гэж үзэж байна. Тэдний нэг болох Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр Алтанбулагийн боомтоор дамжин тавдугаар сарын 14-нд Монголд орж ирсэн юм. Тухайн өдөр Алтанбулагийн боомтоор 200 орчим иргэн орж ирсний 37-гоос нь Covid-19 вирусийн халдвар илэрсэн билээ.

Энэ асуудалтай холбоотойгоор тодруулахад, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тавдугаар сарын 20-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Бид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй. Гэвч нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн Монголд ирээд коронавирус авсан гэх мэдээллийг цацсан. Энэ бол хуурамч мэдээлэл.  Тухайн иргэн  ОХУ-ын Улаан-Үд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл зургуулаа түрээслэх байранд амьдарсан байдаг. Тухайн иргэн эх орондоо ирээд тусгаарлагдах хугацаанд коронавирусийн халдвар илэрсэн. Тэрбээр Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн, сөрөг гарсан гэж мэдүүлсэн. Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Халдварын нууц үе дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ тэдэнд тусалж байхдаа халдвар авах эрсдэл өндөр" гэж мэдэгдсэн юм.


-Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон. ОХУ-д хэзээ очсон, ямар ажил хийж байсан талаараа ярихгүй юу?

-Би уламжлалтын эмч мэргэжилтэй. Санкт-Петербург хотын Орос бариа заслын төвд 2017 оноос хойш нуруу заслын эмчилгээ хийж байна.

-Одоо таны биеийн байдал ямар байна вэ. Ямар эмчилгээ хийлгэж байна. Мөн өрөөндөө хэдүүл байна вэ?

-Биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур илрээгүй байна. Өрөөндөө хүүгийнхээ хамт байгаа. Эхний шинжилгээгээр хүү маань вирустэй гэж гарсан. Зовиургүй байгаа ч уушгинд үл ялиг асуудал үүсч байна хэмээн эмчилгээ хийгээд эхэлсэн. Энд эмч нар маш эрт илрүүлээд, хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч маш сайн эмчилгээ хийж байна.  Бас хоол сайтай, эмч ажилчид нь сайхан ааштай юм.

-Халдварыг ОХУ-д байхдаа биш хилээр оруулж ирэх явцад авсан гэж та үзэж байгаа юм билээ. Үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Би Монголд халдвар байна гэж нэг ч удаа хэлээгүй. Хилээр орж ирснээс хойш вагонд ачигдаад тусгаарлах байранд хүрэх замдаа халдвар авсан гэж үзэж байгаа юм. Учир нь, ингэж үзэх олон нөхцөл байна. Эрүүл мэндийн яамнаас хоёр метр зай барихыг зөвлөж байгаа. Гэтэл вагонд 7×4.5 м орчим зайд 40 хүнийг ачаатай нь чихэж суулгасан. Нийт хоёр вагоны дөрвөн хэсэг яг тийм зайд 140 орчим хүн ачаатайгаа сууж явцгаасан. Тэнд битүү орчинд 15 цаг орчим байлгасан. Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын дэглэм буюу зай барих, салхи чөлөөтэй нэвтрүүлэх зэрэг зөвлөмж тэнд хэрэгжээгүй.

-Би наашаа ирэхдээ гэр бүлийн гишүүдийн хамт хамгаалалтын хувцас болон нэг удаагийн амны хаалт, өөрсдийн оёсон маскийг давхарлаж зүүгээд, бээлийгээ өмсөөд хил нэвтэрсэн. Би эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан хүний хувьд, өөрийн хэмжээнд халдвараас сэргийлэхийн тулд сэрэмжилж явсан.

Гуравдугаар сарын 28-ны өдрөөс хойш манай ажил карантилсан. Түүнээс хойш би гэрээсээ гаралгүй, хөл хорионд байж байгаад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Новосибирскээр дамжиж, гэр бүлийн гишүүдтэйгээ нийлсэн зургаан хүний хамтаар Улаан-Үд хотод очсон. Тэнд очоод бид 14 хоногийн турш хаашаа ч гараагүй хөл хорионд байгаад тавдугаар сарын 2-нд биднээс авсан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Дараа нь Улаан-Үдийн Консулын газраас улсынхаа хилээр нэвтрэхийн тулд сүүлийн 2-3 хоногт шинээр хийлгэсэн шинжилгээтэй байх ёстой тухай зарласан. Ингээд тавдугаар сарын 8-ны өдөр шинжилгээ өгч, дахин огт гадагш гаралгүй байж байгаад шинжилгээнийхээ хариуг авсан. Шинжилгээг гэрээр хийлгээд, хариуг нь ч гэртээ хүргүүлж авсан.

Халдвар авалгүйгээр эх орондоо ирэхийг л зорьсон. Би ОХУ-аас яалт ч үгүй халдваргүй ирсэн. Хил нэвтрүүлэхдээ халдвар хамгааллын буруу дэглэм хэрэгжүүлснээс болоод халдвар авсан. Эх орондоо ирэх гэж байгаа олон мянган залуус буруу тээвэрлэлтээс болоод халдвар авчих вий гэдгээс сэрэмжлүүлэх үүднээс энэ талаар яриад байгаа юм.

-ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ таныг халдвартай хүмүүсийг эмчилж байсан гэсэн. Харин та халдвартай хүмүүстэй уулзаагүй гэж хэлсэн боловч тэдэнд эм тан өгч байсан гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Тэнд байгаа өвдсөн оюутнуудад туслахыг хүссэн. Гэхдээ би нэгтэй нь ч уулзаагүй. Цахимаар харилцахад нэг сургуулийн 20 орчим оюутанд халдварын шинж тэмдэг илэрсэн. Ингээд өөр эмчээр дамжуулан оюутнуудад эм хүргүүлсэн. Эмэнд хувиасаа хоёр сая орчим төгрөг зарцуулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Хүүхдийн баярыг тэмдэглэх үү?

Тэртээ 1925 онд Женев хотноо "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга"-ны үеэр “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглалыг баталж, 1949 оны 11-р сард Москва хотноо "Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн чуулга"-н дээр жил болгоны зургадугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" хэмээн тунхаглан зарлаж өдгөө дэлхийн 50 гаруй улсад энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Энэ л өдөр хүүхэд бүрийн царайнд инээд тодорч, чихэр, жимсэндээ бялууран, эцэг эхтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, дурсамж дүүрэн өдрийг үддэг билээ. Гэвч энэ жилийн хувьд covid-19 хэмээх цар тахалтай холбоотойгоор олныг хамарсан жагсаал, цуглаан хийх боломжгүй болсон учир тун даруухан тэмдэглэхээр болжээ. Энэ тухай бид Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржаваас тодрууллаа.

-Хүүхдийн баяр болоход цөөхөн хоног үлджээ. Уг нь өдийд Хүүхдийн баяр зориулсан янз бүрийн арга хэмжээний сурталчилгаа эхэлчихсэн байдаг. Харин энэ жил нам гүм, цар тахлын аюул намжаагүй болохоор иргэд ч айдастай байх шиг байна.  Онцгой дэглэм үргэлжилж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тэгэхээр нэгдсэн том арга хэмжээ зохион байгуулахгүй ч хүүхдийн баярт зориулсан өөр арга хэмжээнүүд бий юу?

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маань дөхөж байгаа учир манай байгууллагын зүгээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, төлөвлөгөөгөө гаргаад бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Энэ жилийн олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр цар тахалтай холбоотойгоор хүүхэд, багачуудыг олноор цуглуулж, бөөгнөрүүлж болохгүй. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Харин баярыг яаж хийх үү, хүүхдүүдээ яаж баярлуулах гэдэг дээр анхаарч байгаа. Өмнө нь  бид нар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг илүү хүүхдийн баяр гэсэн утгаар нь хүүхдүүдийг баярлуулах, урлаг уран сайхны ажилд оролцуулах чиглэлээр илүү анхаарч ажиллаж байсан. Харин энэ жил үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаас нь ажиллаж үндсэн дөрвөн эрхийг нь олон нийтэд таниулж, сурталчлах чиглэлээр долоон ажил хийхээр төлөвлөсөн. Хүүхдийн үндсэн дөрвөн эрх бий. Үүнд, Эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхүүд багтана. Тодруулбал, хүүхдийн үндсэн эрхүүдийг сурталчилсан постер боловсруулж, олон нийтэд түгээх, хүүхдийн үндсэн эрхүүдийг сурталчлах цахим хичээл бэлтгэж, олон нийтэд түгээх, хүүхдэд зориулсан тоглолтыг бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бүтээсэн бүх насны охидод зориулсан “Oky” аппликейшний нээлитийн үйл ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулж, түгээх, Oky аппликейшнийг НҮБ-ын хүүхдийн сангийн зүгээс бүхий л насны охидуудад зориулан гаргаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 1-ний өдөр дэлхийн гурван улсад зэрэг нээлтээ хийх ажээ. Энэхүү аппликейшний тусламжтайгаар охид маань сарын тэмдгийн мөчлөгөө тооцоолох, өдрийн тэмдэглэл хөтлөх боломжтой. Мөн харандааны адал явдал хэмээх нэвтрүүлгийг С1 телевизтэй хамтран хүүхдийн нас, сэтгэл зүй, танин мэдэхүй, онцлог, эрүүл ахуйн, шаардлага хангасан бэлэг бэлтгэх тухай сэдвийн хүрээнд зохиомжлон хийлгэж, олон нийтийн хүртээл болгоно,  зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн ач холбогдолтой бэлэг бэлтгэж, түгээх,  байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүдийг идэвхжүүлэх арга хэмжээний талаар чиглэл, арга зүй, зөвлөмж хүргүүлэх, хүүхдийн эрхийг хангахад хамтарч ажиллах, мөн энэ өдөр хүүхдийн хорих 401-р ангид эрхээ хязгаарлуулж буй хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрт арга хэмжээ байгаа. Энэ мэт цогц ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүд дээр бид нар хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг илүү сурталчилж, хүүхдийг заавал зодож, загнаж биш, хэрхэн эерэг харилцаа үүсгэн, зөвөөр харилцах вэ гэдэг дээр шторк, контент, цахим хичээлүүдийг оруулна.

-Танай байгууллагын зүгээс энэ жил хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа вэ?

-Манай байгууллага олон ажил төлөвлөсөн байсан боловч цар тахал дэгдээд, хөл хорионы хугацаа сунгагдаж байгаатай холбогдуулан өөр хувилбарт шилжин ажиллах шаардлагатай боллоо. Жишээлбэл, энэ жил хүүхдийн зуслан ажиллахгүй. Тиймээс хүүхдүүдийн хөгжлийн оролцооны ажлуудыг өөр ямар арга хэлбэрээр явуулах уу гэдэг дээр ажиллаж байна. Илүү цахим орчинд сошиал ертөнцийг ашиглан хүүхдүүдийг цуглуулгүй онцгой нөхцөлд тааран ажиллах хэрэгтэй болж байна. Энэ жил манай байгууллагын төлөвлөсөн ихэнхий ажлууд цар тахалтай холбоотойгоор өөрчлөгдөж, одоо бол урьдчилан сэргийлэх тал дээр л ажлууд хийгдэж байна даа. Өнөөдрийн байдлаар гэртээ байгаа хүүхдүүдэд хэрхэн ахуйн осолд өртөхгүй байх, эцэг эхчүүдийг хүүхдэдээ илүү анхаарал тавих, анхаарахдаа хэрхэн хүмүүжлийн эерэг зөв аргаар харилцах вэ гэх мэтчилэн сэргийлэх арга хэмжээнүүд дээр төвлөрч байна. Энэ бол хүүхдийн тал дээр хийж буй ажлууд. Харин гэр бүл, залуучуудын тал дээр мөн л томоохон ажлууд байгаа. Гэр бүлийн тал дээр “Би хариуцлагатай аав, ээж” гээд бүтэн жилийн аян өрнөөд явж байгаа бол өсвөр үе, залуучуудыг хамарсан хөгжлийн том том ажлууд хийггдэж байгаа. Энэ жилийн манай хэрэгжүүлж буй бас нэгэн том ажил бол хүүхэд хамгааллын, илрүүлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд хүүхдийг аливаа эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа. Үүнийг улирал болгон хэрэгжүүлж байна. Нэгдүгээр улирлынхаа энэхүү арга хэмжээнийнхээ хүрээнд гудамжны нөхцөлд байгаа буюу эцэг, эхийн хараа хяналт сул байгаа хүүхдүүдийг илрүүлж, тэдэнд хуулийн дагуу хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг нь үзүүлээд эргээд дүүрэг, орон нутгийнх нь хяналтанд оруулсан. Харин хоёрдугаар улирлынхаа хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээгээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг анхаарна. Тэд хаана хөдөлмөр эрхэлж байна, ямар хэлбэрийн хөдөлмөрийг илүүд үзэж байна мөн хориглосон, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг илрүүлбэл хариу үйлчилгээ үзүүлэх, аж ахуй нэгжид нь хариуцлага тооцох гэх мэт Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр анхаарч байгаа. Гуравдугаар улиралд байгалийн гамшигт өртөж болзошгүй хүүхдүүддээ анхаарна. Дөрөвдүгээр улиралд хүйтний улирал ирж байгаа учраас хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, эцэг эхийн анхаарал болгоомжлол сул, мөн үүргээ биелүүлэх боломж тааруу эцэг эхийн хүүхдүүдийг түр хамгаалах байр, халамж асрамжийн төвүүдэд хуваарилах зэрэг ажлуудыг хийн, эрсдэлтэй гэр бүлүүдэд анхаарал тавьж ажиллана. Энэ бүгд хүүхэд хамгааллын хуулийн хүрээнд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх журмын дагуу явагдана.

-Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд хүндрэл хэр гардаг вэ?

-Нэг үеэ бодвол хууль гараад зохицуулагдсан. Одоо байгаа хүндрэл нь хүүхдийн асран хамгаалагч тал дээр гарч байна. Эцэг эх нь хариуцлагагүй байна, хүүхдээ хаяад олдохгүй алга болж байна, архидан согтуураад өдөр, сараар явна тэгээд л тэдгээр хүмүүсийг эрэн хайх ажил явагддаг. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. Томчууд эцэг эхчүүдтэй л холбоотой хүндрэлүүд их гарч байна.

-Хүмүүсийн дунд хүүхдийн баяр тэмдэглэх үү гэсэн асуулт их байх шиг байна. Тэгэхээр эцэг эхчүүддээ юу гэж хандаж хэлмээр байна вэ?

-Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд үндсэн үүргээ биелүүлээрэй. Та нарын үндсэн үүрэг бол хүүхдийнхээ дөрвөн үндсэн үүргийг хангаж, хамгаалж байх явдал. Хэрвээ эцэг, эх та бүхэн хүүхдийнхээ эрхийг хангаж, хамгаалж чадахгүй, эрхийг нь зөрчих юм бол төр оролцож, хамгаална шүү. Төр хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах ч хүүхдийг эрсдэлт оруулсан танд бас хуулийн хариуцлага тооцно. Тийм учраас хүүхдээ асран хамгаалах эрх, үүргээ биелүүлээрэй гэж дахин хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-23 43.228.129.20

Хар жагсаалтад оржээ гарах арга зам гэвэл авлигачдыг шууд а**х буудах яг л хятадууд шиг өөр гарц байхгүй Гэтэл эрх мэдлийг атгаж байгаа хүмүүс нь өөрсдөө авлигачид байдаг Тэгээд тэдний хар жагсаалтаас гарах арга нь гам хийгээгүй болон шудрага ёсны төлөө дуугарсан тэмцсэн хүмүүсийгхэлмэгдүүлэн шоронд хийгээд тэднийг авлигачин дээрэмчдийг барьж шоронд хийж авлигатай тэмцэж байгаа мэтээр европын холбооны хүмүүсийг хуурах оролдлого хийхийг санаархаж хулхидахыг оролдож байна,Ядаж нүгэл нүдтэй шүү дээ

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Уул уурхайн Улсын болон хувийн бүх уул уурхайнууд, үндэсний үйлдвэрлэлүүдийн хувьцааг
нийгмийн даатгалтайгаа холбох. Ард иргэд уул уурхай, үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар үндэсний үйлдвэрлэл нэмэгдэж, хөгжиж ажлын байр нэмэгдэнэ байхаа.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

БҮХ ЭРЧҮҮДИЙГ АЖИЛТАЙ БОЛГОХ.
Монголын бүх гэр бүлээс ажилгүйчүүд, залхуучууд, нуугдагсад, архичид, тархиа ажиллуулахгүй
эрчүүдийг гарга, хүүхэд, эмэгтэйчүүдийг тэднээс чөлөөл. Ажил хийлгэж цалингийн 70 % -г эхнэр хүүхэд, орхисон хаясан хүүхдүүдэд нь хувааж өг.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Экологийн цагдаагийн дэргэд “Байгалыг тохижуулах үйлчилгээ” -ний байгууллагыг байгуулж эзэнгүйдсэн газар нутаг, түүх дурсгалт өв соёл, сүтгэсэн дурсгал, дэлбэлсэн агуй, тогтцуудыг сэргээж эзэнтэй байлгах хэрэгтэй. Яг ийм хүмүүсийг шашинжуулдаг байхгүй юу. Зүрх сэтгэлээсээ Тэнгэр-Бурханыг хүлээн авах юм бол цааших ажил нь бурханы хийх ажил л байдаг юм. Хүссэн ч хүсээгүй ч аажмаар өөрчлөгдөнө. Мөн сэтгэц гэм судлалын эмч ажиллуулах хэрэгтэй.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Ажил хийхийг хүссэн, хайсан гэх мэт 16-59 \64\ насны эрчүүдийг Аймаг, дүүргийн “Тохижилт
үйлчилгээний компан” -ы ажилчдын тоог эрс нэмэгдүүлж орчин үеийн тоног төхөөрөмж, багаж, технологийг нэмэгдүүлж өндөр цалинжуулж ажиллуулж нэр хүндийг нь өсгөж хогын цэг шиг болсон хотыг тохижуулах маш их ажил байна шүү дээ.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Хөгжил гэдэг бол ард иргэдийн л хийх ажил. Ер нь Монгол улс хөгжчихсөн шүү дээ. Тохижилт
муутай замбараагүй нь ядуу харагдаад байгаа юм.
Төрт- улс нь аймаг, дүүргүүдтэйгээ хамтраад хөгжлийн зураглалаа гаргаад хувийн байгууллагууд,
хувь хүмүүсдээ хандаж хөгжлийн сангаараа дамжуулж хөгжлөө ярьсан нь дээр шиг байна.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Төр дэд бүтэцдээ анхаардаг шүү дээ. Татвар төсвийн мөнгөний 60-65 % -г ЦАЛИНД ЗАРЦУУЛ,
ӨНДӨР ЦАЛИНЖУУЛ. Ер нь татвар, төсвийн мөнгийг замбараагүй зарцуулдаг байдал төсвийн байгууллагуудад их байдаг талаар тэр тусмаа аудиторууд ярилцдаг юм шүү.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Ховд, Дорнод, Дундговь, Эрдэнэтийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологи, хот төлөвлөлт, ногоон хөгжлийн жишиг хот болгох нь зүйтэй л шиг байна.

Avatar

??? 2020-05-23 66.181.190.100

Жилд нэг сонгууль өгөөд л байх нь зөв шиг байна. 1. УИХ түшээдийн, Нийслэл, хотын захирагчийн, Иргэдийн хурлын төлөөлөгчийн. 2. Ерөнхийлөгчийн. 3. Шүүхийн удирдлагын. 4. Үндсэн хуулийн цэцийн гэх мэт.

Avatar

Зочин 2020-05-23 182.160.37.59

Уул нь Элбэгдорж монголын авилгыг бууруулсан юм даа.

Avatar

Зочин 2020-05-23 202.126.89.151

Нэрийн ч хэлэхэд бэрх, гадаадын менгеер ажилладаг энэ хэдэн байгууллагын хумуусээс биш ундэсний сэхээтэн, эрдэмтэдээс ярилцлага аваачээ!!!

Avatar

Зочин 2020-05-23 202.9.40.52

Уул нь манайд доллар орж ирж байвал бохирч байсан яадаг юм. доллар л бол болоо юм биш үү. хаирн орж ирээд гарах юм бол хүлээж авахгүй байх хэрэгтэй. Дэлхийн эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр улс орны эрх ашгийг нэгт тавьяа

Avatar

Зочин 2020-05-23 103.229.122.123

Төрийн мөнгөөр Эрдэнэтийн өр төлөөд, банкны зээл тэглээд байхаар элдвийн өнгөтэй жагсаалтад орох нь аргагүй биз дээ. Ямарч эдийн засаг, санхүү мэддэггүй харанхуй толгойтой ерөнхий сайдтай байгаагийн гай.

Avatar

Зочин 2020-05-23 203.91.115.40

Хар жагсаалт огт байхгүй гэж элчин сайд нь хэлээд байхад АН хан хар жагсаалтанд орлоо гээд гуаглаад байх юм. Хэрвээ байдаг бол АН -хан та нар л оруулсан шүү дээ

Avatar

Зочин 2020-05-23 103.229.122.123

Хар жагсаалт гэж нэрлэдэггүй, санхүүгийн өндөр эрсдэлтэй орон гэж нэрлэдэг гэсэн байналээ. Энд ямарч ялгаа байхгүй, нэг нөхөр өр биш өглөг гээд гүрийгээд байсантай л адилхан. Өр=өглөг, хар жагсаалт=санхүүгийн өндөр эрсдэл

Avatar

Зочин 2020-05-23 66.181.161.43

Хамгийн гол нь төрийн орой дээрх нөхдүүд авлигатай тэмцэе гэсэн чин хүсэл зориг байх нь чухал!!! Гэтэл тэр нь Монголд байхгүй 30-аад жил боллоо!!! Багабандиас эхлээд Ерөнхийлөгч нар бүгд хоосон уриа ярих атлаа хэрэг дээрээ өөрсдөө дандаа эсрэгээр ажиллана!! Төрийн тэргүүн үнэхээр чин хүсэл зориг гаргавал маайх шиг улс авлига гээч бузрыг дор нь устгаж чадна даа!!! Даанч худалч юмнууд байх юм!!!

Avatar

zochin 2020-05-23 150.129.140.156

KHAR JAGSAALT BAYKHGUY GEED ELCHIN NI KHELEED BAYKHAD UURSDUU UUSGECHIKHEED ULSAA ORUULCHIKHAAD SAYKHAN PR KHIIGEED BAYKH YUM < KHARIN TER SAARALD NI ORUULAKH AJLYN EZED NI AN__YN l******d SHUU

Avatar

zochin 2020-05-23 150.129.140.156

mungu ugaakh yawdal bol manayd baygaa ni unen . gekhdee ewropiin kholboony elchin ni tiim khar jagsaalt baykhguy geed baykhad ed nar tuuniig ni bii bolgochikhood uuriinkhuu ulsyg oruulchikhaad buun sensatsi yariad yawdag ni yamar uchir baynaa

Avatar

Болд 2020-05-23 64.119.17.79

Ер нь торт маш их бохир монго явж байгааг гадаадын орнууд илчлээд байна шуу дээ тиймч учраас хар болон саарал жагсаалтад оруулаад байгаа шуу дэээ энэ сонгуулиар ийм хумуусээс л салах хэрэгтэй дээ

Avatar

Zochin 2020-05-23 202.179.25.182

Churelbaatriig ogchruul. ESaid Churelsuch yasanch chariugui gar ve?.

Avatar

Зочин 2020-05-23 202.126.89.45

Хууль хяналтын байгуулага авилгалд идэгдсийн бишүү авилгын хэргийг шударгаар илрүүлж шийтгэл нь чанга байжийж энэ гэмт хэрэг буурах магадлалтай

Avatar

СОНГОГЧ 2020-05-23 202.9.46.92

"Шүүх нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт" юм бол зүгээр л хараад суух уу ? эсвэл шүүхийг цэвэр болтол нь их цэвэрлэгээ хийж, маш хүчтэй тэмцэл явуулах уу? аль нь вэ ? идэвхитэй, хүчтэй, ухаалаг ард түмэнтэй улс оронд шүүх нь ийм байдалд хүрсэн бол аль эрт учрыг нь олчихсон бга. монголчууд зөвхөн дотроо бодож , хоорондоо шивнэхээс өөр зүйлийг хийж чаддаггүй тул улсыг хохироосон том хэргүүд шил шилээ даран гарч, шийдэгдэхгүй дампуурдаг. иймээс хэрэгтнүүд улам даварч толгой дээр гарч.

Avatar

Зочин 2020-05-23 103.229.121.172

shuuhshid ni amia horloj eh ornoosoo zugtaaj shorongiin haalga tataj bga bol ene uls oron bur yalzraliin deed yalzral bolson bn gej uzej bn

Avatar

Зочин 2020-05-23 202.9.46.3

ХАР ЖАГСААЛТАД ОРСОН ЯВДАЛ НЬ АВЛИГЫН БОЛОН МӨНГӨ УГААСАН ХЭРГҮҮДИЙГ ШИЙДЭЭГҮЙГЭЭС Л БОЛСОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж