Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Арабын Нэгдсэн Эмират Улсад “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсч байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10 орчим гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байна.

АНЭУ нь бүрэлдэхүүндээ 7 эмират /ханлиг/-ыг нэгтгэсэн Холбооны улс бөгөөд Булангийн орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол төв юм. Тус улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тааламжтай, тогтвортой, тодорхой учраас дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниуд Дубай, Абу Даби зэрэг хотод төлөөлөгчийн газар, салбараа нээн ажиллуулж, тус улс худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалын төв болон хөгжиж байна. 

Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой. АНЭУ-д Элчин сайдын яам нээн ажилуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ. 

АНЭУ-д 40 гаруй монгол иргэн байнга оршин суудаг, мөн сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэж байна. Тухайлбал, 2017 онд 800 гаруй монгол иргэн зорчсон байна. Эдгээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж мөн адил нэмэгдэнэ. 

АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг ба АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн. 

Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахаар шийдвэрлэсэн. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн. 

Улсын Их Хурлын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж