Хүссэн зүйлээ санаа зовохгүйгээр идэж, огт дасгал хөдөлгөөн хийхгүй ч таргалдаггүй хүмүүс байдаг. Тэгвэл өчигдөр/2020.05.21/ Cell сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд таргалдаггүй биеийн нууц байж болох “туранхай ген”-ийг олж нээсэн бололтой. Ингэснээр ирээдүйд илүүдэл жинг эмчлэх арга олоход нэг алхам ойртсон гэсэн үг юм.
Олон улсын хамтарсан эрдэмтдийн багийнхан хүнийг туранхай хэвээр байхад нөлөөлдөг ALK төрлийн генийг олж нээснээ зарлажээ. ALK ген нь эсийн өсөлтийг зохицуулдаг анафластик лимфома киназ нэртэй протейн ялгаруулдаг аж.
Судлаачид 20-44 насны эрүүл, чийрэг биетэй 47 мянган хүний ДНХ-ийн дээж болон эрүүл мэндийн бусад мэдээллүүдийг нарийвчлан судалж үзжээ. “Эстони биобанк бол маш өвөрмөц онцлогтой, нарийн бүтэцтэй зүйл. Бид биеийн жингийн индекс нь 18-аас доош хүмүүсийн генийн бүтцийг энгийн жинтэй хүмүүсийнхтэй харьцуулж судлаад, хүнийг туранхай байлгадаг генийг олж нээлээ” хэмээн судалгааны багийн ахлах судлаач, Бритиш Колумбын их сургуулийн амьдралын шинжлэх ухааны институтын захирал, ген судлаач профессор Жосеф Пеннингер ярьжээ.
Үүний дараа судлаачид ALK ген хулгана, ялаанд хэрхэн нөлөөлдгийг туршиж үзсэн байна. Кембрижийн их сургуулийн бодисын солилцооны өвчин судлах салбарын захирал, биохимийн судалгааны төвийн удирдагч профессор Стефен О Рахиллигийн хэлснээр энэ судалгаа төдийлөн ач холбогдолгүй ч үнэхээр сонирхолтой болсон гэнэ. Тэрбээр судалгааны багийн гишүүн биш ч судлаачдын хийж байгаа ажлыг ихэд сонирхон ажиглажээ.
ТУРАНХАЙ ХУЛГАНУУД
ALK ген болон протейнийн мутацид орсон буруу ажиллагаанаас болж хавдар үүсдгийг эрдэмтэд судалж, мэдсэн билээ. Тэгвэл дээрх судалгааны явцад ALK генийн өөр нэг мутаци нь хүнийг туранхай байлгахад нөлөөлдөг байж магадгүй нь мэдэгдсэн байна. Үүнийг батлахын тулд судалгааны багийнхан хулгана болон ялааны биеэс энгийн ALK генүүдийг устгаж туршсан байна. Дараа нь туршилтын хулгануудад түргэн хоол идүүлэхэд энгийн хулганууд илүүдэл жинтэй болж байхад ALK генийг нь устгасан хулганууд туранхай хэвээр үлджээ. Мөн энэ туршилтын үеэр энгийн ALK ген биед хоол хүнснээс илүү их өөх хуримтлуулахыг тушаадаг болохыг олж мэджээ.
Пеннингерийн хэлснээр энэ судалгааг цаашид өргөжүүлэн, илүү нарийн мэдээллүүдийг олж авснаар хүний ALK генийг устган илүүдэл жинтэй тэмцэж болох эсэх талаар тодорхой мэдээлэлтэй болох боломжтой ажээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ