Австралийн Квийнслэнд дэх Күүлүүла эрэг дээр хүмүүс ирэх нь эрс багассаныг далайн гахайнууд анзаарсан бололтой. Тухайлбал жуулчдад далайн ёроолоос бэлэг олж ирдгээрээ алдартай Мистик нэртэй, 29 настай эр бөгтөр далайн гахай сүүлийн үед өмнөхөөсөө ч илүү өгөөмөр болжээ.
Мистик Барнаклес кафены сайн дурын ажилтнууд болон далайн гахай хооллох төвийнхөнд өдөр бүр мод, хясаа, лонх зэргийг далайн ёроолоос олж авчирч өгдөг байжээ. Сайн дурын ажилтан Лин МакПерсоны хэлснээр эрэг дээр жуулчид ирэх нь багассанаас хойш Мистик өмнөхөөсөө ч илүү өгөөмөр зантай болсон байна. Тэрбээр “Мистик үргэлж л далайн ёроолоос ямар нэг сайхан зүйл олж зуугаад, эсвэл хошуун дээрээ тогтоогоод авчирч бидэнд болгоомжтойгоор өгөх болсон. Харин оронд нь бид түүнд загас өгдөг. Бид түүнийг сургаагүй. Харин тэр өөрөө биднийг сургасан нь энэ. Цаашдаа ч бидэнд өгөх олон бэлэг байгаа байх. Сүүлийн үед Мистик заримдаа 10 бэлэг нэг дор авчирч, тэднийгээ эгнүүлж тавьдаг” хэмээн ярьжээ.
Нутгийнхны хэлж буйгаар өөр бөгтөр далайн гахайнууд ч хүмүүст лонх, шүрэн хад зэрэг олон сонирхолтой бэлэг авчирч өгж байгаа гэнэ.
Квийнслэндийн далайн гахай судлаач PhD доктор Барри МакГовен “Далайн гахай бол гайхалтай амьтан. Тэд бүгдийг хийж чадна. Тэд багаж хэрэгсэл хэрэглэдэг, өөрсдийн гэсэн соёлтой, хэлтэй, тэр байтугай бие биенийгээ дахин давтагдашгүй өөр өөр авиагаар дууддаг. Тэд магадгүй жуулчдын өгдөг үнэгүй хоолыг санаж байгаа байх” хэмээн ярьжээ.
Өмнө нь амьтан судлаач, эрдэмтдийн мэдээлж байснаар далайн гахайнууд зөвхөн "загас худалдаж" авахын тулд биш, эсрэг хүйстэндээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд бэлэг өгөх, дуулж, бүжиглэх тохиолдол олон байдаг аж.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ