ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго

ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго

Хамгийн үнэ цэнэгүй болсон үгс: Эх оронч, шударга түшээ, цэвэр хүн, жудагтай монгол. Уг нь их гоё үгс, даанч утгыг нь алдтал бид “ашиглачихсан”. Эсрэгээрээ ийм гуншинтай хүмүүс улс төрд олшрохын хэрээр улс орны хөгжилд ямар хортой болохыг олон, олон “эх оронч”-ийн үг, үйлдлүүд нотолдог. Жишээ нь, Ц.Нямдорж. Сүүлчийн ганц цамцаа урагдтал эх орныхоо төлөө зүтгэж яваа эрхэм гишүүний шударга ёс “Эрдэнэт” үйлдвэрт хүүдээ 2.5 тэрбумын шахаа хийхэд хугарсан тохиолдол бий.

Улс төрийн намуудаас болон бие дааж УИХ-д өрсөлдөхөөр болсон Монголын улстөрчид /нэр дэвшигчид/ Цукерберг ноёнтонг мөнгөөр цутгаад эхэлжээ. Хэн, хэзээ, хэндээ захиалсан нь тодорхойгүй “нийгмийн захиалга”-ууд эх орончийн дүрд хувираад эхэлсэн нь нэг талдаа сонгогчдыг хариуцлагатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй байхыг, шаардаж байна гэсэн үг.

Нэг ёсондоо, Н.Энхбаярын хүүг  УИХ-д нэр дэвшүүлэх нь  нийгмийн захиалга уу,  нэг гэр бүлийн хүсэл үү гэдгийг сонгогчид судлах хэрэгтэй болж байна.

Энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, бие даагч гээд дунджаар 600 орчим хүн нэр дэвшиж байна. Тэдгээр “нийгмийн захиалгуудын” хэн нь хэн болохыг мөрийн хөтөлбөр, намтар түүх, мэдлэг боловсролыг нь судалж, мэдэж байж саналаа өгөхгүй бол дараа нь эх орончийн эрх ашиг нэгд, эх орны эрх ашиг адагт эрэмбэлэгдэхэд хүрдэг. Өч, төчнөөн эх орончийн нүүрний баг хуулагдаж, ихэнх нь энтертайментчид болох нь бичлэгтэйгээ задрах болсон.  Иймээс “адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэх үг гарсан ч биз.

Монгол эх оронч, шударга түшээ, цэвэр хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлнэ үү гэхээс сүүлд орохгүй. Энэ удаад ч маш олон “эх оронч”нэр дэвшиж, эх орныхоо төлөө алд биеэ алжаахаар шийджээ. Л.Өнөрчимөг, Д.Жагар, босоо хөхчүүд, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, З.Энхболд, Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Жавхлан гээд.

Зарим нь “эх орноо хөгжүүлж” өс авах хонзонтой яваа бол зарим нь С.Зоригийн хэргийг задалж, захиалагчийг замхруулах зорилготой. Зарим нь  Тавантолгойг гацааж, зарим нь Оюутолгойн гэрээг цуцлах даалгавартай. Цаазын ялыг сэргээхийг санаархдаг Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх ч, гучин хүний толгойг тасдан, тойрон бүжиг хийхийг хүсч явдаг тоймч хүртэл нэр дэвшсэн. Тэднийг  УИХ-ын гишүүн болгох үгүйг сонгогчдын санал шийднэ.

Тэгэхээр СЕХ-ноос гаргасан албан ёсны тооцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулагдах, албан бусаар бараг нэг их наяд шаардагдах УИХ-ын 2020 оны сонгуульд залуус идэвхтэй оролцож, эх орончдыг байх ёстой байранд нь тавих цаг болсон.

Тавантолгой төслийг “та бидэнд авч үлдсэн”-ээр Монгол Улс хэчнээн тэрбумын алдагдал хүлээж, хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг гацаав. М.Энхсайханы боловсруулсан төсөлд “Монголын эдийн засагт 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум ам.доллар. 12 мянган хүн ажлын байраар хангагдаж, 500 компани ажил, орлоготой болно” гэсэн тооцоолол гаргаж байжээ. Харамсалтай нь, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд таван засгийн мөрийн хөтөлбөрт багтсан Тавантолгой гацаатай, улс төрөө даахгүй унасаар.

Лав Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх хоёр эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө татаж, олон улсын зах зээлд IPO гаргаж чадсангүй. Харин ч Ч.Сайханбилэг “гэмт хэрэгтэн” болсон.

Оюутолгой бол Монгол Улсын эдийн засгийн болон тусгаар тогтнолын баталгаа. Хоёр их гүрний дунд орших Монголын хувьд мөнгө бас геополитик гэж хэлж болно. Гэвч, энэ төслийг эсэргүүцдэг, Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, хөрөнгө оруулагчдыг хөөх сонирхолтой олон хүн улс төрийн намуудаас ч, бие дааж ч нэр дэвшиж байна.

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоол батлагдсан. Тогтоолын гол заалт нь “Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-ыг оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах”. Гэвч, Монголын Засгийн газар Рио-Тинтотой 34 хувиа наймаалцах, рольти татвар авах хэлэлцээрээ эхлүүлээгүй УИХ-ын сонгуультай золгож байна.

Оюутолгойг эрчим хүчээр хангахаар Тавантолгойн цахилгаан станцын төслийг эхлүүлсэн ч Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоны дараа нэг тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг зогсоосон.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг төрийн өмчөөр, М.Энхсайханы боловсруулсан ТЭЗҮ-ээо барихаар шийдвэрлэсэн билээ. Төслийг гацаасан Ц.Даваасүрэн “зарчимч түшээ” гээд өөрийгөө өнөөдөр сошиалд спонсордоод сууж байна.

Үнэндээ манай эх орончид “үзэн яддаг” уул уурхайн орлогоороо сонгогчдын саналыг луйвардаж авахаар залилангийн амлалт өгч байна. Эх орон газар шорооны төлөө амь хайргүй тэмцэнэ, сүүлчийн цамцаа урагдтал зүтгэнэ, Тавантолгойг та бидэнд үлдээлээ гэх мэт  эх оронч, шударга түшээ, цэвэр хүмүүс тэр тусам нь сонгомооргүй байна. Эх орончдын хувийн амьдрал сайжрахын хэрээр иргэдийн орлого буурдаг нь үнэндээ Цэрмаагийн турсан Дагдангийн эхнэрийн таргалсантай тэнцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж