ШангриЛа Моллд биологийн төрөл зүйлийн виртуаль үзүүлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

ШангриЛа Моллд биологийн төрөл зүйлийн виртуаль үзүүлэн нээгдлээ

ШангриЛа Моллд биологийн төрөл зүйлийн виртуаль үзүүлэн нээгдлээ

Жил бүрийн тавдугаар сарын 22-нд Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр тохиодог бөгөөд энэ жил уг өдрийг “Байгаль бидний шийдэл” уриан дор тэмдэглэж байна.

Их Британийн Засгийн газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. Их Британийн ЭСЯ болон Монгол Улсын БОАЖЯ энэ өдрийг тохиолдуулан энэ талаар ард иргэдэд мэдээлэл, ойлголт өгөх виртуаль үзүүлэнг Шангри-Ла Моллд дэлгэлээ. Тус үзүүлэнгээр Монгол орны биологийн төрөл зүйлүүд, тэдгээрийг хэрхэн хамгаалах талаарх танин мэдэхүйн мэдээллүүдийг түгээнэ.

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдрийн талаар хэлэхдээ “Биологийн олон янз байдлыг хамгаалах нь тогтвортой хөгжлийг цогцлооход нэн чухал үүрэгтэй. Бид техник, технологийн хувьд өндөр дэвшилт гаргасан ч бидний эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, байр сууц, эрчим хүч зэрэг наад захын хэрэглээ нь эрүүл, амьд экосистемээс шууд хамааралтай. Дэлхий даяар нүүрлээд буй коронавирусийн тахлын үед бидний хамааралтай байдал болоод бид илүү уян хатан, дасан зохицох чадвартай болох хэрэгтэйг, улс орнууд байгаль дэлхийгээ улам илүү хамгаалах шаардлагатайг сануулж байна. Энэ жил биологийн олон янз байдлыг тэмдэглэхдээ итгэл найдвар, эв нэгдлийг цохон тэмдэглэж байгаа бөгөөд байгаль дэлхийдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээх нь  чухал юм” хэмээн онцлов.

Тус виртуаль үзүүлэнгийн мэдээллийг Лондонгийн Амьтан судлалын хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Зэрлэг амьтан судлал, хамгааллын төв, Шувуу судлалын нийгэмлэг, The Nature Conservancy байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран бэлтгэжээ.

Эх сурвалж: Монгол дахь Британийн ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж