Нью Йоркын их сургууль болон Росвелл паркын хавдар судлалын төв хамтран хэзээ ч байгаагүй хамгийн их буюу 4 хувь хүний эстэй хулганы үр хөврөл бүтээжээ. Олон жилийн турш эрдэмтэд хүн, амьтны хольмог амьтан бүтээхээр шаргуу ажиллаж байгаа билээ.
Тэдний энэ удаад бүтээсэн үр хөврөлд хүн болон хулганы эс аль аль нь бий гэнэ. Судлаачдын мэдээлж буйгаар энэ удаагийн хүн-хулганад өмнө нь аль ч амьтанд байгаагүй олон тооны хүний эс бий гэнэ. Энэхүү туршилтын гол зорилго бол хүний үр хөврөлөөс хэд дахин хурдан төлждөг хулганы үр хөврөлд хүний олон төрлийн эсийг үржүүлэх аж.
Хэрвээ тэгж чадвал энэ аргаар хүмүүсийн олон өвчин, тэр дундаа коронавирусийг хүртэл эмчлэх шинэ арга үүсэх юм.
Судлаачдын хэлж буйгаар энэхүү амжилт хүний биед үүсдэг олон өвчний эмчилгээ талаасаа маш чухал нээлт аж. Тухайлбал хүний үр хөврөлөөс хэд дахин хурдан төлждөг хулганы үр хөврөлд хүний эсийг суулгаснаар түргэн хугацаанд эс, эд, эрхтний донор бүтээх боломжтой юм. Туршилтыг хийхдээ эрдэмтэд төлжиж буй хулганы үр хөврөлд хүний цусны улаан эс, нүдний эс тэргүүтэй 10-12 төрлийн эс суулгасан байна. Харин 17 өдрийн дараа гэхэд тэдгээр эсүүд сая сая бүрэн боловсорсон эс болон үржсэн байжээ.
Дээрх зураг дээр харагдаж буй 17 хоногтой үр хөврөлд хүний эсийг ногооноор тэмдэглэжээ. Үр хөврөлд суулгасан хүний эсийн дийлэнх нь цусны улаан эс бөгөөд үр хөврөлийн элгэнд ихээр үржжээ. Харин хүний үр хөврөлийн хувьд ижил хэмжээний цусны улаан эс төлжихийн тулд дор хаяж 8 долоо хоног, нүдний эсд түүнээс ч урт хугацаа шаардлагатай байдаг аж.
Өмнө нь ижил төрлийн туршилтуудад хүний ердөө л 0.1 хувь эсийг хулганы үр хөврөлд суулгаж байснаас харахад энэ удаагийн туршилт маш том амжилт юм.
Эх сурвалж: CNN.COM