Монголын хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн, чанар сайтай “Хаан Ширхэгт” ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийнэ хүлээн зөвшөөрч, тэдний хүсэн хүлээдэг бүтээгдэхүүн болжээ. Энэ дагуу Итали улсаас ирүүлсэн захиалгаар 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурыг экспортод гаргахад бэлэн болсон талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
“Ноолуурын тогтвортой хөгжил” Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Б.Батхишигийн мэдээлснээр, энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу “Хаан ширхэгт”-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур (15,8-16,1 микрон) хангасан байна. Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Одоогоор манай улсаас бэлтгэгдэж байгаа ноолуурын 20-30 хувь нь “Хаан ширхэгт”-ийн стандартыг хангаж байгаа аж.
“Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм. Энэхүү гарал үүсэл, чанарын баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрчилгээг “Ханбогд Кашимер” ХХК өнгөрөгч 2019 онд авч, анхны “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улс руу экспортолжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ