Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 107 мянган шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авагсдын тоо 5,190,496 боллоо. Харин эдгэрсэн хүний тоо өнөөдөр /2020.05.22/-ийн байдлаар 2,079,017 болсон бол нас барагсдын тоо 334,173-т хүрсэн байна. Үүнээс идэвхтэй тохиолдол 2,7 сая байна.
Одоогийн байдлаар дэлхийн нэг сая хүн тутмын 666 нь коронавирусээр өвчлөөд байгаа ба 42,9 нь уг өвчний улмаа схорвоог орхиж байна.
Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д нийт 13,4 сая хүнийг шинжилгээнд хамруулснаас 1,6 саяд нь халдвар илэрсэн бол ОХУ-д 7,8 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 317,5 мянган хүн халдвартай нь тогтоогдоод байгаа ажээ.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж буй улс болох Бразил улсад нэг хоногт 17,564 хүн халдвар аваад байна. Өндөр хөгжилтэй орнуудад цар тахал оргил үе өнгөрч, хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байгаа бол Африк, Өмнөд Ази, Латин Америкийн улс орнуудад халдвар эрчимтэй нэмэгдэж байна.
Цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж, ард нь гараад буй Өмнөд Солонгос улс энэ сарын 20-ны өдрөөс ахлах сургуулиудаа нээгээд байсан юм. Гэтэл хичээлийн эхний өдөр орчимд Инчеон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн гуравдугаар ангийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар тус хотын таван дүүргийн 66 сургуулийг хааж, сурагчдыг яаралтай гэр рүү нь буцаах шийдвэрийг гаргасан байна. халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай ба фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан гэнэ.
Харин маргааш нь буюу пүрэв гаригт /2020.05.21/ тус улсын халдварын голомт болсон Тэгү хотын ахлах сургуулийн нэг сурагчаас коронавирус илэрч тус хотын бүх сургуулиуд дахин хаалгаа барих болсон байна.
Эх сурвалж: Worldometers, Arirang
Холбоотой мэдээ