НЭМЭЛТ:
Шүүх хуралдаан 09.00 цагт эхэлсэн ч хуралдааныг зургадугаар сарын 1-ныг хүртэл хойшлуулжээ. Учир нь Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зам тээврийн осол болон амь насаа алдсан хүмүүсийн тоо баримтыг шүүх хянан шалгахаар болжээ.
Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Уг нь Засгийн газар болон салбар яамныхан 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн их л сүр дуулиантайгаар замын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш иргэд хэсэг хугацаанд түр замыг ашиглаж, бас ч үгүй төр, засгийн шийдвэрийг хүндэтгэн, сайхан замтай болчихно гэх итгэлээр хүлээсэн гэхэд буруудахгүй. Харамсалтай нь товлосон хугацаандаа зам харгуйгаа хүлээлгэж өгөх байтугай дахиад хугацааг нь сунгачихсан “молиго” үмхүүлж яваа салбарын сайд Б.Энх-Амгалантай Дарханы замд хохирсон иргэд шүүхдэлцэхээр болсон билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.05.22/ Дарханы замд хохирсон иргэд хохирлоо Зам тээврийн хөгжлийн яамнаас төлүүлэх анхны шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 4-ны өдрөөс эхэлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар таван багц дээр ажил хийгдэхээс 2,4 багц таг зогсчихсон байдалтай байгаа аж.
Учир нь, дээрх хоёр багц тус бүр дээр БНХАУ-ын 25 инженер, техникийн ажилтан операторууд ажиллах ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас хөл хорионд ороод байгаа юм. Эдгээр хүмүүс ирэхгүй бол замын хучилтыг хийж чадахгүйд хүрэх аж.
Одоогийн байдлаар хэзээ БНХАУ-ын ажилчид орж ирэх нь тодорхойгүй байгаа учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам энэ ондоо багтаж ашиглалтад орох эсэх нь ч эргэлзээ дагуулж эхлээд байна.
Э.БУРАМ