БСШУСЯ жил бүр Ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичигт зориулж тендер зарладаг. Яамнаас төсөвлөсөн хөрөнгө улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудад сурч байгаа бүх хүүхдүүдийг сурах бичгээр хангах хэмжээнд хүрдэггүй ч БСШУ-ны яам хамаг боломжоо дайчилдаг гэхэд болно.
2019 онд л гэхэд 1-5-р ангийн сурах бичиг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх 1,7 тэрбум, шинээр зохиох сурах бичиг хэвлэн нийлүүлэхэд 465 сая, 10-12 ангийн сурах бичиг, багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтэр нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэхэд 505 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдийг шалгаруулсан байдаг.
Тендер учраас тодорхой хэмжээний өрсөлдөөн явагдаж, үйл явдлын дараа хэдэн үйлдвэрүүд хоорондоо дайсагнах тохиолдол бишгүй л гардаг. Сурах бичгийн хэвлэлтийн чанар, цаг хугацаанаас шаардаад үйлдвэрүүд хүчин чадлын хэмжээгээр тендерт ялж, ялагдсан газруудын гомдол тасрахгүй байх нь энүүхэнд.
Хэл амтай өрнөдөг сурах бичгийн тендер 2013 оноос 2019 оны хооронд хэрхэн явагдаж, тендерт хэн ялж байсныг харуулах баримтыг дор дэлгэж байна. БСШУСЯ-наас зарласан тендерийн худалдан авалтад шалгарч, ажил гүйцэтгэсэн хэвлэх үйлдвэрүүд бас тэдний тендерээс авсан мөнгөний хэмжээтэй танилц.
- Соёмбо принтинг ХХК: 2017-2020 онд нийтдээ 34 удаа тендерт шалгарч 3.6 тэрбумын төгрөгийн ажил гүйцэтгэжээ.
- Адмон групп (Интерном, Монсудар): 2014-2020 онд нийтдээ 26 удаагийн тендерт шалгарч 3.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ.
- Мөнхийн үсэг грүпп: 2014-2020 онд 23 удаа тендерт шалгарч 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн байна
- Очирпресс ХХК: 2014-2020 онд 12 удаа тендерт шалгарч, 1,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэжээ.
- Битпрресс ХХК: 2014-2019 онд 6 удаа тендерт шалгарч, 952,9 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэжээ.
- Сод Пресс хэвлэх үйлдвэр: 2013-2019 онд 15 удаа тендерт шалгарч, 758,8 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн байна.
- ВСI (Бестколор интернэшнл ХХК): 2018-2020 онд 6 удаа тендерт шалгарч, 741,6 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэжээ.
- Хөхмонгол принтинг: 2016-2020 онд 7 удаа тендерт шалгарч 672,1 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн байна.
- Ном Хур ХХК: 2015-2020 онд 6 удаа тендерт шалгарч, 479,2 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэжээ.
- Нэг-Үүд ХХК: 2015-2018 онд 3 удаа тендерт шалгарч 373,3 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн байна.
- Интерпресс ХХК: 2018 онд 4 удаа тендерт шалгарч 192,3 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн.
- Таван Богд Менежмент: 2014-2020 онд 8 удаа тендерт шалгарч, 181,9 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэжээ.
- Тоонот принт: 2016-2020 онд 12 удаа тендерт шалгарч, 118,1 сая төгрөгийн өртөг бүхий ажил хийж гүйцэтгэсэн байна.
- Сэлэнгэпринтинг: Сэлэнгэпресс ХХК нь 2019 онд 2 удаа тендерт шалгарч, 83,6 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэжээ.
Монголын дээрх 14 үйлдвэрт Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд хэвлэгддэг. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хэрвээ таны хүү, охины сурах бичиг чанаргүй хэвлэгддэг, эдэлгээний ая даадаггүй хэмээн бодож байвал номын эхний хуудсыг сайтар шалгаарай. Тэнд дээрх 14 хэвлэлийн компанийн нэр дурайж байх бөгөөд Та хамгийн чанартай ба чанаргүй хэвлэдэг үйлдвэрийг таньдаг болно гэсэн үг.
Холбоотой мэдээ