Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2020.05.21/ хуралдаж, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох асуудлыг XIII удаагийн сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар болсон нь дэлхий нийтийн анхаарлыг дахин Хятад-Хонгконгийн асуудал руу татлаа. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт тус улсын парламентаар хэлэлцүүлэн батлахаар төлөвлөж байна.
Хонгконг нь 1997 онд Бээжингийн талд шилжсэнээс хойшхи хамгийн том эсэргүүцэл, тэмцлийн арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулж, ардчиллыг дэмжигч хэдэн зуун мянган залуус олон сарын турш эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэн жагссан билээ. Үүнээс үүдэн Хятадын тал Хонгконгод аюулгүй байдлыг хангах тухай хууль гэгчийг батлахыг эрмэлзсээр байгаа юм. Сүүлийн саруудад дэлхий даяар цар тахал нүүрлэж, жагсаал цуглаан ч намжиж, олны анхаарал тахал өвчин рүү чиглэж байх зуур Бээжин Хонгконгийн жагсагчдыг нэр мөр дарж авахыг зорьсон бололтой.
“Үндэсний аюулгүй байдал бол улс орны тогтвортой байдлыг хангах үндэс юм. Энэ бол Хятадын газар нутаг дээр амьдарч буй бүх хүнд хамаатай асуудал” гэж БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч Жан Есуй чуулганыг нээхдээ хэлсэн байна.
Угтаа бол Хонгконгчууд өөрсдийн аюулгүй байдлыг өөрсдөө хамгаалах, хууль тогтоомжоо хэнээс ч хараат бус бие даан шийдвэрлэхийг эрмэлздэг ч Бээжин үүнийг эсэргүүцдэг. Хонконгийн Баптист их сургуулийн улс төр судлаач Кеннет Чан “ Ерөнхийдөө Нэг улс-хоёр систем тогтолцоо Хонгконгийг хавцал руу түлхсэн. Бээжин энэ коммунист маягийн хууль дээдлэх ёсны бодлогоороо Хонгконгийн ардчилсан суурийг үгүй хийхийг оролдож байна” хэмээн хэлжээ. Мөн Хонгконгийн ардчиллыг дэмжигч нэгэн хууль тогтоогч энэ өдрийг Хонгконгийн түүхэн дэх хамгийн гунигтай өдөр хэмээн тодорхойлсон байна.
Хонгконгийн хууль тогтоогдчны үзэж буйгаар дээрх хууль батлагдвал, "нэг улс-хоёр систем" албан ёсоор үгүй болж, "нэг улс-нэг систем" болон хувирах бөгөөд Хонгконг бүх талаараа Хятадын хараа хяналтад орно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Хятадын эрх баригчдын энэ алхам олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Түүнчлэн Хонгконгчуудын эсэргүүцлийн жагсаал цуглааныг дахин сэдрээж болзошгүй үйлдэл юм. БХАТИХ-ын чуулганы дараагаар Хонгконг долларын ханш огцом унаж эхэлжээ. Өдгөөгөөс 17 жилийн өмнө буюу 2003 онд Хонгконгийн Засгийн газар дээрх хуультай төстэй "Хурцадмал байдлын тухай хууль" гэгчийг батлахаар хэлэлцэхэд 500 мянга гаруй Хонгконгчууд эсэргүүцэн жагсч, үүнийг таслан зогсоож байсан юм.
Хятадын талын мэдэгдэлд:
- Гадаад дотоодын дайсагнасан хүчин Хонконгийг ашиглан улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэх, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хэрэгт оролцож байна.
- Хонконгийн хуулийн систем, гүйцэтгэх тогтолцоонд цоорхой, дутагдал илт байсаар байгаа ба улмаар “эрсдлээс хамгаалах хамгаалалтгүй” байсаар байна
- Хонконгийн сөрөг хүчин дотоодод хагарал, хөмрөлт, нэвчилт, шургалт, сүйтгэл явуулахаар гаднын хүчнийхэнтэй урт хугацааны турш сүлбэлдсэн
- Өнгөрсөн жилийн зургадугаар сард Хонконгт “Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлаар үүссэн үймээн Хонконгийн эрх зүйт засаглалыг ноцтой гишгэлж, нийгмийн тогтвортой байдлыг эвдэлсний улмаас эдийн засаг, иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хохирол хэдэн арван тэрбум ам.доллар давсан.
- Илүү ноцтой зүйл бол салан тусгаарлах үзлийг эрээ цээргүй ухуулан сурталчилж, сөрөг хүчин болон хэт туйлшрагч радикал этгээдүүд “нийгэм, эдийн засаг, улс төрийг сүйрүүлэх” үйл ажиллагааг ихээр явуулж, хүчирхийлэл, террорист ажиллагаа тасралтгүй нэмэгдэж байна.
- Гаднын хүчнийхэн Хонконгийн асуудалд ил тод, ихээр оролцож, сөрөг хүчин болон хууль зөрчигч хүчирхийлэгчдийг аймшиггүйгээр дэмжин дэвэргэж, хамгаалж байна.
- Тэдний үйлдэл Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлж, онцгой бүсийн засаг захиргааны аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлыг ноцтой хохироож, “Нэг улс, хоёр систем” зарчмыг ноцтой сөргөлдөж, Хятад улсын үндэсний аюулгүй байдалд бодит аюул учруулж байна.
Иймээс Хонконг хэдийнэ Хятад улсын үндэсний аюулгүй байдлын ил эрсдэл болоод байгаа ба Хятадын Засгийн газар энэ бүхний эцсийн бөгөөд хамгийн том хариуцлагыг хүлээдэг учир улс орны хөгжил, тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхны төлөө, гадаад дотоодын дайсагнасан хүчин Хонконгийг ашиглан улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэх, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хэрэгт оролцох зэрэг үйлдлийг дур мэдэн гаргахыг харсаар зүгээр суух боломжгүй болж байна. Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайжруулан байгуулах нь зайлшгүй бөгөөд хойшлуулшгүй асуудал юм. Хонконг бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын Ардын Засгийн газрын шууд харъяат орон нутгийн засаг захиргааны нэгж учир Хонконгийн Засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль батлах асуудал нь цэвэр Хятад улсын дотоод хэрэг бөгөөд аль ч гадаад орон оролцох эрхгүй гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Guardian, BBC