Монгол Улсын Үндсэн хуулиар “шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ”, “шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, “шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хариуцна”, “шүүх бие даасан шүүгч хараат бус байна”, “хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан.
Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг найдвартай хангах нь түүний төвийг сахисан байр суурийг хадгалах гол түлхүүр. Мөн шүүх бие даасан байх нь ард иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг бодитой хамгаалах хамгийн хүчирхэг механизм шүүх эрх мэдлийн эрх зүйн баталгаа болж өгдгөөрөө ихээхэн чухал билээ. Аливаа хэргийг шударга, үндэслэлтэй шийдвэрлэснээр шүүхийн гаднах этгээдийн үйлдэж болзошгүй авлигыг илрүүлж, таслан зогсоох боломжтой билээ. Шүүгчдийн бие даасан байдалд, тэднийг сонгон шалгаруулах асуудалд авлига нөлөөлсөөр буй нь нэгэнт нууц биш.
Шүүгчийг гадны нөлөөлөлд өртөх байдалд тулгуурлан томилох эрсдэлийг бууруулахын тулд шүүгчийг сонгох, томилох тусгай шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож мөрдөх шаардлагатай билээ. Тэдгээр шалгуур үзүүлэлтүүдэд ёс зүйтэй, шударга байх, хараат бус байх асуудлыг онцлон тусгах хэрэгтэй аж. Үүний нэгэн адилаар шүүгчийг томилох шийдвэрийг шүүгчийн ур чадвар, туршлага, нөлөөнд үл автах чадавхад нь тулгуурлан гаргаж байхыг шүүгчийн сонгон шалгаруулалт болон томилгоог зохицуулдаг хууль тогтоомж эрх зүйн актад онцлон тусгах нь зүйтэйг салбарынхан онцолдог.
Өнөөдөр Монгол Улсад шүүгчийн хараат бус байдал, шүүх дэх нөлөөлөл хэр байна вэ. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг хэсэгт тодорхой шийдвэр гаргуулахаар нөлөөлөх байдал буурахгүй байгаа ажээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүгчид сахилгын арга хэмжээ авахуулах зорилгоор өргөдөл, гомдол гаргасан, эсхүл тийм өргөдөл, гомдол гаргана гэсэн сүрдүүлэг, заналхийлэл нь шүүгчийн шийдвэр, үйл ажиллагаанд багагүй хувиар нөлөөлсөн байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-наас энэ оны хоёрдугаар сарын 11-ний хооронд “Оюуны-Инноваци” ТББ-аас Монгол Улсын нийт 275 шүүгч рүү нэг бүрчлэн анкетын асуулга явуулж, судалгаа авчээ.
Тус байгууллага нь 2015 оноос хойш хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийж ирсэн байна. Судалгааны мэдээллийг дараахь графикт багтаажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ