Халамжийн мөнгийг дагаад наймаа сэргэж, орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Халамжийн мөнгийг дагаад наймаа сэргэж, орлого өсчээ

Халамжийн мөнгийг дагаад наймаа сэргэж, орлого өсчээ

Өмнөд хөршид арванхоёрдугаар сараас хойш дэгдэж дэлхий нийтэд цар тахлын аюул хэмээн нэрлэгдэх болсон коронавируст халдвар  эдийн засгийн хямралаар үргэлжилж буй. Манай улсын хувьд халдвар дотоодод тархаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж, хөл хорио тогтоосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа. Ялангуяа хувиараа бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд алдагдалд орж, хүндхэн байгаагаа хэлж буй.

Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь байдаг гэх нийслэлийн хамгийн том зах “Нарантуул” худалдааны төвд энгийн үед зөрөх зайгүй шахам хөвөрч байдаг олны урсгал Нарантуул захад алга. Эль хульхан гэмээр орчин угтаж байна. Гэсэн ч саяхнаас л наймаа “сэргэж” худалдан авалт “амь орж” эхэлснийг тус захын наймаачид хэлж байна. Орлого гэх гавьтай зүйл байхгүй ч түрээсээ төлж дөнгөхтэй болсон гэнэ.

Өчигдөр /2020.05.21/ 11:00 цаг: Урин дулааны улирал эхэлсэн энэ үед хүнгүй шахам байсан “Нарантуул” зах хөл хөдөлгөөн оржээ. Өмнөх шигээ олны хөлд дарагдаж, наймаачид нь толгой өндийх завгүй байдаг үетэй харьцуулахад эл хульхан ч хавар намар, зуны гутал, хувцас сонирхож яваа, хүүхдэдээ өдөр тутмын хувцас авч буй хүмүүс лангуун дээр таарна. Тус захад гутал, хүүхдийн хувцасны тасгаар хүмүүс илүүтэй үйлчлүүлж байв.

Удахгүй болох хүүхдийн баярыг угтсан гоёлын плаж, бас өдөр тутмынх нь хувцсыг авч яваа эцэг эх цөөнгүй. Нөгөө талаас Засгийн газраас  0-18 насны хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг дагаж иргэдийн худалдан авалт сайжирч, наймаа “сэргэж” эхэлснийг худалдаачид хэлж байв.

Тус захын хүүхдийн хувцасны тасгийн худалдагч Б.Баярсайхан “Одооноос л наймаа сэргэж эхэлж байна. Сүүлийн гурван сард ямар ч орлого байгаагүй, түрээсээ төлөх нь бүүхэл амьжиргаагаа залгуулахад хүнд байсан. Одооноос л урин дулаан орсон, хүүхдийн мөнгө нэмэгдсэн болохоор дагаад худалдан авалт ч сайжирч байна. Хүмүүс аль болох хямд хувцас авахаар л Нарантуул захыг зорьдог болохоор бараагаа хямдруулж зарахгүй бол бас борлогдохгүй. Өдөртөө 70-80 мянган төгрөгийн орлоготой гэртээ харьж байна даа” гэлээ.

Нарантуул захад хүүхдийн хувцас 10-20 мянган төгрөгийн үнэтэй байв. Тухайлбал, хүүхдийн хос өмд, цамц 15 мянга, өмд 12 мянга, цамц найман мянга гэх зэрэг үнэ ханштай. Хүүхдэдээ хувцас авч буй ээж аав нар үнийн дүнгээс дор хаяж 1000-3000 төгрөг буулгаж, хямд үнээр худалдан авч байв. Дараа нь гутлын тасгаар ороход хавар намрын пүүз, зуны сандал сонирхож яваа хүмүүс цөөнгүй. Гэхдээ зарим нь өдөржин лангуугаа сахиж суусан дүр зураг угтана. Хавар намрын гутал хамгийн хямд нь 20-50 мянган төгрөгийн үнэтэй ба арай илүү эдэлгээ сайтай нь 80-150 мянган төгрөгийн үнийн дүнд хэлбэлзэнэ. Наймаачид нэг гутлын үнээр хоёр гутал өгнө шүү,  сонирхож байгаа гутлаа мөнгөнийхөө боломжид хямдруулаад ав гэх зэргээр үйлчлүүлэгчдээ татна. Хүмүүст ч бас нэг гутлын үнээр хоёр гутал гэхээр илүү ашигтай санагдах нь мэдээж.

Наймаачдын хэлснээр орлого нэмэгдэж, наймаа сэргэж эхэлсэн ч өмнөх үетэй харьцуулахад муу гэдгийг хэлж байв. Орлого нэмэгдэхэд хүүхдийн мөнгөний нэмэгдэл буюу 0-18 насны хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож эхэлсэн нь нөлөөлсөн гэнэ. 

Тус захын гутлын тасгийн худалдагч “Наймаа одооноос л сэргэж эхэлж байна. Огт хүнгүй байсан үетэй харьцуулахад орлоготой л байна. Гэхдээ зарим үед хоосон байх өдрүүд ч бий. Өдөр бүр орлоготой байна гэж байхгүй. Хүмүүс Нарантуулаас илүү хямд үнээр л хувцас, гутал авах гэж ирдэг. Бид заримдаа бараагаа зарж л байвал үндсэн үнээр нь л өгдөг. Жишээ нь, 30 мянган төгрөгийн үнэтэй гутлыг 20 мянган төгрөгт л авахыг бодно. Тэгэхээр наймаа ашиг багатай л байна. Гэхдээ огт борлогдохгүй байснаас л дээр. Хил хаасан болохоор бид харилцагчидтайгаа wechat.аар бараагаа захиалж авч байна” гэлээ.

Харин торго бүс бараа болон өмд, цамц, унтлаганы хувцасны тасаг хүнгүй шахам байв. Өмдний тасаг гэхэд лангуу бүр хямдрал зарлажээ. Дунджаар 15-30 мянган төгрөгийн үнэтэй. Цамц 10-25 мянган төгрөгийн үнэтэй байв. Мэдээж дэлгүүрт зардаг өмд, цамцны үнийн дүнтэй харьцуулахад илүү хямд нь тодорхой. Торго бүс барааны хувьд чанараас хамаараад метр нь гурван мянгаас 35 мянган төгрөгийн үнэтэй. Хамгийн хямд даавуу нь 3000, торго 4000 гэнэ. Энд дээлийн өнгө сонирхож яваа хүн ч алга. Наймаачдын хэлснээр энэ зун наадам болбол орлого сайжирхаас бус энэ байдлаараа удахгүй амьжиргаагаа залгуулахад ч хүндхэн гэдгийг хэлж байлаа. Тэдний ганц найдлага нь наадмыг хүлээх болжээ.

Нарантуул зах дээр хүн их бага байхаас үл шалтгаалан наймаачид амны хаалтаа зүүжээ. Харин зарим нь маскаа зүүлгүй лангуун дээр тохсон байх. Учир нь ямар ч үйлчлүүлэгчгүй, дээр нь халууцсан гэх шалтгаанаар амны хаалтаа зүүгээгүй гэнэ. Тус захын наймаачид бараагаа wechat.аар захиалж байгаа бол хүмүүс бэлэн мөнгөнөөс илүү интернет банк, карт ашигладаг болсон тул бээлий өмсөх шаардлагагүй гэдгийг ч тус захын худалдаачид хэлж байсан юм. Хэдийгээр наймаа сэргэсэн орлого гэх ялих зүйлгүй ч гэлээ наймаачдад лангууных нь түрээсийг 25 хувиар хямдруулж 110 мянган төгрөг болгосон нь тэдэнд томхон дэмжлэг болсон гэдгийг ч хэлж байв.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж