УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цол тэмдгээр өчигдөр шагнав. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь 2016-2020 оны парламентад ажиллах хугацаандаа Батлан хамгаалах салбарын томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, ажилчин албан хаагчдын нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэснийг ийнхүү үнэлсэн гэнэ. Угтаа бол УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг нь хууль санаачлах. Ж.Энхбаяр угаас батлан хамгаалах салбарын “сонирхлоо” нууж чаддаггүй урт холын бодолтой учир өнгөрсөн хугацаанд энэхүү хуулиудад гар бие оролцсон. Гэхдээ тэр нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шагнал авах хэмжээний мөн эсэхэд эргэлзэх хүн олон байна. Энгийнээр бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд өөрийнхөө хийх ёстой үндсэн ажлаа л хийсэн, дээрээс нь сонирхол нь давамгайлсан хэрэг. Түүнтэй хамт шагнуулсан нэг хүн бол Батлан хамгаалахын сайд Н.Энхболд. Тэрбээр энэ батлан хамгаалах салбарын эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйг нь шинэчлэх үүрэг, даалгавартайгаар салбарыг нь удирдаж байгаа хүн. Түүний хүлээсэн үндсэн үүрэг.
ҮАБЗ-ийн дарга А.Гансүх ээ, тийм л их хүн шагнах гээд байгаа бол дэлхийн нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлэг, ОБЕГ гээд шагнал өгөх хүн мундахгүй олон бий шүү. Үүргээ гүйцэтгэж, хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө шагнал өгөх юм бол ядаж галын шугам дээр ажиллаж байгаа жирийн үйлчлэгч, сувилагчид өгчих.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ