2020 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7444.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан. ДНБ-ий 10.7 хувийн бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2 (29.5 хувь) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 114.9 (6.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
ДНБ 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурсанд хөдөө аж ахуйн салбар +0.5, уул уурхай -7.6, аж үйлдвэр +0.6, үйлчилгээ -3.3, бүтээгдэхүүний цэвэр татвар -1 нөлөөлсөн байна. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны нэгдүгээр улиралд өмнөх улирлаас 6.0 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Мөн 2020 оны нэгдүгээр улиралд Монголд өрхийн дундаж орлого 19.7 хувиар өссөн гэж мэдээлсэн нь эдийн засагчид төдийгүй иргэдийг "гайхшруулав".
Энэ оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 мянган төгрөгөөр буюу 19.7 хувиар өсжээ. Мөн өмнөх улиралтай харьцуулахад 133.6 (9.7хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ-ноос мэдээлсэн юм.
Өрхийн сарын дундаж нийт зарлага мөн 1.6 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3 хувь) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өссөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хувьд эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5 хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд: цалин хөлсний орлого 144.3 (23.4хувь) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэсэн албан ёсны мэдээлэл гарав.
Иргэдийн хувьд эдийн засаг агшсан байтал өрхийн дундаж орлого ийнхүү өсөх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Өнгөрсөн сард арилжааны банкууд дахь хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 33.5 хувиар өсч, 1.3 их наяд төгрөг болсон нь иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгааг илэрхийлсэн нэгэн үзүүлэлт билээ.
Эдийн засаг 10.7 хувиар агшсан нь Монгол Улсын хувьд хямралын том дохио болж байгааг эдийн засагчид онцолж байна.
- Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон эдийн засаг V хэлбэрээр бус, сэргэлт нь удаан байна гэдэгтэй санал нэгдэж буйг хэлээд, “Манай улсын хувьд ч эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ. Түүний өгүүлснээр, манай Засгийн газрын 5-6 хувийн хүүтэй гаргаж байсан бондууд хоёрдогч захад өнөөдөр 9-10 хувийн хүүтэй арилжаалагдаж байгаа нь зах зээл яаж хямарсныг харуулж байгаа аж.
- Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан Монгол Улсын эдийн засаг гүнзгий хямралын нөхцөл байдал руу орж байна гэж дүгнэж буйгаа илэрхийлэв. Эдийн засагчдын клубын хувьд дунджаар 3.9 хувиар эдийн засаг агшина гэсэн хүлээлттэй байсан аж. Тэрбээр "Ийм хүчтэй цохилттой дүн орж ирэхгүй болов уу гэсэн хүлээлттэй байсан. Таамаглаж байснаас нь эдийн засгийн нөхцөл байдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад маш доогуур гарчээ. Ж.Дэлгэрсайхан эдийн засагч “Хоёр оронтой тоонд хүрнэ гэсэн хүлээлт байгаагүй. Энэ тоонуудыг харвал Монгол Улсын эдийн засаг үзүүлэлтүүд маш хүнд байдалд, гүнзгий хямралын нөхцөл байдал руу орж байна гэсэн дүгнэлт хийжээ.
- Эдийн засагч Н.Энхбаяр эцсийн худалдан авагч дээр эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд үргэлжилсээр байгаа нь манай экспорт богино хугацаанд сэргэх боломжгүйг харуулж байгаа илэрхийлсэн юм.
- Харин эдийн засагч Д.Ангар “Ийм статистик гаргаад сууж байх гэж дээ. Дэлхий нийтээрээ “Covid 19” хямралд өртөж, ажилгүйдэл огцом нэмэгдэж байхад Монголд л ганцаараа өрхийн орлого 20 хувь өссөн дүнтэй гарсан гэнэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Иргэдийн орлого нэмэгдэх нь битгий хэл амьжиргаа муудсан нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн үзүүлэлтээр харагдаж буй. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 13.1 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 4 дүгээр сард өмнөх оны эцсээс 2.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 19.8 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.6 хувиар буурахад хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 0.4 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн байна.
Улс орны хөгжил цаанаа хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Иргэдийн амьжиргаа сайжирч, өрхийн дундаж орлого өссөн гэсэн “худал” мэдээлэл цацахын оронд иргэд рүүгээ түлхүү анхаарсан бодлого хэрэгжүүлэх нэн шаардлагатайг зарим эдийн засагчид анхааруулж байна.
“Covid 19”-ийн хөл хорионы үед манай улсад өрхийн орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бол гадны орнуудад буурч, иргэддээ анхаарал хандуулж буй мэдээлэл гарч байгаа юм. Тухайлбал, Америкт орлого буурсан айл өрх/иргэдэд 1200 доллар, Японд 100 мянган йен, Солонгост 1 сая хүртэлх вон бэлнээр тараажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ