Аялал, зугаалгын улирал ирлээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө Монгол орноороо аялцгаадаг олон хүн бий. Цар тахлын улмаас хөл хорио хорио тогтоож, дэлхийн улс орнууд хилээ хааж, агаарын тээврээ зогсоосноор гадаадаас жуулчид энэ жилдээ ирж чадахгүй нь тодорхой болсон. Тиймээс эдийн засгийн "тэг" зогсолтод орсон аж ахуйн нэгжүүд дотоодын жуулчдыг татахад анхаарах болсон байна.
Жуулчны бааз, тур, оператор компаниуд дотоодын аялагчдад зориулсан илүү хямд үйлчилгээтэй, сонирхолд нь нийцэх шинэлэг хөтөлбөрүүдийг боловсруулж шинэ менежментээр ажиллах болжээ.
Тухайлбал, гадаадын болон дотоодын аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг “Централ Ази Травел” ХХК нь өмнө нь гадагшаа аялал зохион байгуулдаг байсан бол өдгөө ашиг олохоос илүүтэй ажлын байраа авч үлдэхийн тулд дотоодын жуулчид руу чиглэсэн шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж, зургадугаар сараас иргэдэд танилцуулахаар бэлтгэж эхэлжээ. Мөн бусад компани, жуулчны баазууд ч бас тодорхой хөтөлбөр боловсруулж, нийгмийн сүлжээнд сурталчилж буй. Гэвч, тэдэнд тулгамдамж буй хамгийн том асуудал нь дотоодын аялагчид жуулчны бааз, тур, оператор компаниудад буудлахаас илүү майхан сав бариад хээр гадаа хонох дуртай. Энэ нь жуулчны бааз, тур оператор компаниудыг илүү үнэтэй гэж үздэг, нөгөө талаас аль болох хямд зардлаар аялахыг хүсдэгтэй нь холбоотой. Иймд жуулчны бааз, тур, оператор компаниуд энэ жилээс дотоодын аялагчдаа татахын тулд гэр бүлээрээ аялахад гаргадаг зардалтай дүйцэхүйц болон түүнээс бага зардлаар илүү ая тухтай амрах боломжийг бүрдүүлэхэд анхаарч эхэлжээ. Энэ нь байгаль орчинд ч бас сөрөг нөлөө багатай гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Цар тахал аялал жуулчлалын салбарт 100 хувь сөргөөр нөлөөлж энэ салбараас манай улсад орж ирдэг 600 гаруй сая ам.долларын орлого тасарсан. Гэхдээ аялал жуучлалын салбарын орлого зөвхөн гадны жуулчдаас бүрддэг гэвэл өрөөсгөл ойлголт аж. Түрээсийн дугуй унаад, хээр гадаа мешонктой хоноод явдаг гадны "тэнэмэл" жуулчид байдаг бол аялалын компаниудаар үйлчлүүлж, тав тухыг эрхэмлэдэг дотоодын аялагчид ч бий. Дотоодын жуулчдын тоо 2018 онд давхардсан тоогоор хоёр сая гаруйд хүрч байсан. Жилээс жилд аялагчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хөл хорионд дэлхий нийтээрээ орсон энэ үедулсын аялал жуулчлалын салбар арай сэхээнд орчихоогүй байна.
Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компани, тур оператор бий. Уг салбарт 54 мянга гаруй хүн ажилладаг аж.
ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ, ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДЭЭШИЛДЭГ
Дотоодын аялагчдаа хүлээн авахын тулд аялал жуулчлалын компани, тур операторууд юу хийх шаардлагатай, мөн иргэд тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.
-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар эдийн засгийн хүнд цохилтод өртсөн. Тиймээс танай салбарынхан хямралаас гарах ямар шинэ менежмент хийж байна. Дэлхийн хөл хорио цаашид хэр удаан үргэлжлэхийг өнөөдөр хэн ч таамаглаж чадахгүй байна шүү дээ?
-Цар тахлын улмаас гадаадын жуулчдын урсгал бүрэн зогссон. Хөл хорио тогтоосон үед аялал жуулчлалын салбар цаашид яаж ажиллах, халдвар тархалт буурсны дараа шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож ёстой вэ гэсэн асуудлууд гарч ирж байна. Аялал жуулчлалын салбар 2019 оны төгсгөлд нийт 570 орчим мянган гаднын жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 607 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж байсан. Энэ салбарт 1300 орчим компни үйл ажиллагаа явуулж байна. Жуулчны бааз, тур, оператор компаниуд зэрэг шууд байдлаар 40-50 мянган ажлын байр бий болдог. Үүнээс гадна улирлын чанартай 118 мянган ажлын байр идэвхждэг салбар.
Өнөөдөр аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа нам зогссон. 2020 оны сүүлээр дэлхийн хөл хориог тавигдлаа гэхэд аялал жуулчлалын салбарын тоон үзүүлэлт хориод жилийн өмнөх рүү "очих" нөхцөл байдал үүссэн. Гэтэл одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулшгүй ажлын байр, аж ахуй нэгжийн тоо өссөн. Иймд аль болох эрсдэл багатай хүндрэл бэрхшээлийг даван туулахад анхаарч ажиллаж байгаа.
Хамгийн гол асуудал нь ажлын байрыг авч үлдэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд биш аж ахуй нэгжүүд эдийн засгийн хүндрэлийг эрсдэлт багатай даван туулъя гэсэн нөхцөл байдалтай тулгарч байна.
-Аялал жуулчлалын салбар ихэвчлэн гадаадаас ирэх жуулчдад анхаарлаа төвлөрүүлж дотоодын аялагчдаа тоодоггүй байсан нь худлаа биш. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд юун дээр илүү анхаарч байна вэ ?
– Дотоодын аялал жуулчлал гэдэг бол уламжлалт ахуй соёлтой холбоотой. Дотоодын аялагчид аяллын компаниар үйлчлүүлэхээс илүү найз нөхөд, ах дүү нараараа нийлээд аялцгаадаг. Ер нь монголчуудын аялах давтамж жилээс жилд нэмэгдэж байна. Өмнө нь, жилд нэг удаа буюу зуны амралтаараа аялдаг байсан бол одоо жилд 3-4 удаа гэр бүл, найз нөхдөөрөө олон тийшээ аялахыг зорьдог болж.
-Хэр олон хүн дотоодоор аяладаг юм бол. Тийм тоон судалгаа байна уу?
-Дотоодын жуулчдын урсгал 2019 онд давхардсан тоогоор 1 сая орчимд хүрсэн. Мөн 2.4 сая иргэн давхардсан тоогоор гадагшаа аялсан байна. Коронавирусээс болоод монголчуудын гадагшаа аялах хөдөлгөөн хязгаарлагдсан. Энэ боломжийг ашиглаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжиж болж харагдаж байгаа. Цар тахлаас өмнө амралтын газар, жуулчны баазууд гадны жуулчдад үйлчилж ашиг олж байсан бол манай улс төдийгүй дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага өөрчлөгдөж байна. Аялал жуулчлалын салбарт үүссэн шинэ нөхцөлд аж ахуй нэгжүүд дасан зохицох шаардлага гарсан.
Зөвхөн гаднын жуулчид авна гэж хүлээж суух боломж алга. Бизнесээ авч үлдэхийн тулд дотоодын жуулчдадаа тохирсон үйлчилгээг бий болгож, эрсдлийг даван туулах ёстой. Зарим аж ахуй нэгж зөвхөн гадны жуулчдад үйлчилдэг, дотоодын жуулчдад үйлчлэхгүй гэдэг байсан. Одоо бол ийм боломж байхгүй.
Гэтэл дотоодын аялагчид гадаадын жуулчдаас илүү зарцуулалт ихтэй. Гэр бүл, найз нөхдөөрөө олон чиглэл рүү аялдаг, төлөвлөөгүй маш их зардал гаргадаг бол гадаадын жуулчид багц аялалын төлбөрт орсон үйлчилгээгээ л авдаг, илүү зардал гаргадаггүй.
Тиймээс дотоодын жуулчид том зах зээл, том боломж байгааг аж ахуй нэгжүүд харж эхлээд, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнүүдийг зарлах болсон байна.
Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас иргэдийг мэдээллээр хангах, дотоодын жуулчид болон аж ахуй нэгжүүдийг холбох, дэмжлэг үзүүлэхэд аж ахуй нэгжүүдэд ашигтайгаар дотоодын аялал жуулчлал зохион байгуулалтад орох боломжтой гэж үзэж байна. Цар тахлын дараа ч дотоодын жуулчид зохион байгуулалттай аялдаг хандлага руу энэ жилээс орж байна.
-Та түрүүнд хэллээ. Дотоодын аялагчид голдуу майхан, савтай аялдаг гэж. Тэгвэл тэднийг жуулчны бааз, амралтын газруудад мөнгөө үрэх боломжийг та нар өөрсдөө гаргах ёстой юм биш үү. Ер нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг вэ?
-Дотоодын аялагчид хөдөө орон нутагт амьдардаг хамаатан, найз нөхөд дээрээ очиж амардаг, хувийн машинаараа аялдаг. Иргэдийн дунд жуулчны бааз, амралтын газрууд үнэтэй гэсэн ойлголттой байдаг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт их онцлог жил болж байгаа тул жуулчны баазууд иргэддээ тохируулан хямд үнийг санал болгож байна. Нөгөөтэйгүүр иргэн аюулгүй байдлаа хангаж аялах шаардлага тулгарч байна. Учир нь, коронавирус тархахдаа аливаа гадаргуу дээр тархахдаа 2-3 хоног амьдрах чадвартай. Халдварт өвчний эрсдэлээс өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахад стандартын шаардлага хангасан аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхэд илүү давуу тал болж байгаа юм.
Дотоодын аялагчид бие даан аялахаас илүүтэй аж ахуй нэгжид түшиглэн аялахад эдийн засгийн болоод ажлын байрыг хадгалж үлдэх чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг дагаад тухайн орон нутагт орлого оруулах эдийн засгийн чухал ач холбогдолтой тул энэ жилээс дотоодын аялал жуулчлалыг зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд зочид буудал, амралтын газрууд аюулгүй ажиллагааны горимыг баримтлах журам боловсруулж үүрэг чиглэлийг орон нутагт хүргүүлж байна. Хоёрдугаарт, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зохион байгуулалттай аяллыг идэвхжүүлэхийн тулд иргэдэд мэдээ мэдээллийг нэг цэгээс өгөх шаардлага үүсч байна. Жишээ нь, аялагчид бие даан хувиараа аяллаа гэхэд тухайн бүс нутагт жуулчны баазын захиалга нь дүүрсэн байдаг, мөн аялалын маршрут тодорхой бус байх зэрэг олон хүндрэл бэрхшээл гардаг. Тиймээс урьдчилан захиалга өгөх, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгох зэрэг үйлчилгээ нэвтрүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аж ахуй нэгжүүдтэй хамтран дотоодын аялагчдад зориулсан аппликэйшн боловсруулж байна. Энэхүү аппликэйшныг иргэд тавдугаар сарын сүүлчээр ашиглаж боломжтой. Аппликэйшнт хөдөө орон нутгаар аялах боломжтой газрууд, чиглэл, амралт жуулчны баазад урьдчилан захиалга өгөх боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэд нэгдсэн мэдээллийг нэг дороос авч тодорхой аяллын маршруттайгаар аялах боломж бүрдэж байгаа. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд стандартын шаардлагыг нэмэгдүүлэх ёстой. Жуулчид багатай ийм цаг үед бид өөрсдийгөө хөгжүүлж, үйлчилгээний чанараа сайжруулахад анхаарах ёстой.
-Жуулчны бааз, тур компани, амралтын газруудад төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна. Учир нь, засаг болгон аялал жуулчлалыг алт болгоно гэж амалдаг шүү дээ?
-Аялал жуулчлал бол олон улсын нэршлээр үйлдвэрлэлийн салбар. Гэтэл Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг үйлчилгээ гэж үздэг тул өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагддаггүй байлаа. Гаднаас жуулчин оруулж ирж буй тур, оператор компаниудад экспорт хийж байна гэж үзээд НӨАТ-аас чөлөөлдөг. Гадаадын жуулчдад үзүүлдэг үйлчилгээнд НӨАТ-аас чөлөөлдөг. Гэтэл жуулчны бааз, зочид буудлуудад ямар нэгэн дэмжлэг байгаагүй. Өнгөрсөн жилээс БОАЖ-ын сайдын багцаас анх удаа арилжааны банкуудтай хамтран ногоон зээлийг эхлүүлсэн. Арилжааны банкууд 18 хувийн хүүтэй ногоон зээл олгодог байсныг БОАЖ-ын сайдын багцаас 10 хувийн хүүг татсан. Ингэснээр аж ахуй нэгжүүд жилийн найман хувийн хүүтэй зээл авах боломж нь бүрдсэн. Цаашид төрөөс олгож буй зээл болон олон улсын хөнгөлөлтэй зээлүүдэд аялал жуулчлалын салбар орох нөхцөл бүрдэж байгаа.
-Дотоодын аялагчдын нэг сөрөг тал нь байгаль орчинд багагүй хор, хохирол учруулдаг. Явсан, буудалласан газраа хог орхиод явчихдаг, байгаль орчныг бохирдуулдаг дотоодын аялагчид олон шүү дээ?
-Энэ бол дотоодын аялалын хамгийн том сөрөг тал нь. Энэ жил дотоодын жуулчдын урсгал идэвхжих хандлагатай байгаа тул энэ жил 20 орчим стандартын шаардлага хангасан отоглох цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна. Эдгээр отоглох цэгүүд нь машин болон майхны зогсоолтой, ил гал түлдэг цэгтэй, ариун цэврийн газартай байх юм. Иргэд дуртай газраа хорхог боодог хийж гал түймэр тавих нь түгээмэл. Дээр нь иргэдийн урсгал гол нууруудыг чиглэдэг тул дагаад хог хаягдал бохирдлын асуудал хөндөгддөг. Тиймээс иргэдийн аялдаг гол чиглэлүүдэд отоглох цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна.
-"Айлаас гуйхаар авдраа уудал" гэж үг бий. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлбэл, манай аялалын салбарт мөнгө олох маш том боломж байна гэж таны ярианаас ойлгогдлоо?
-Уул уурхай бусад салбараас ялгаатай нь аялал жуулчлалын салбарын онцлог нь бидний бий болгож буй эдийн засгийн урсгал нь иргэдэд жигд тардаг. Нэг жуулчин аялахад 20 гаруй ажлын байр идэвхждэг. Аялал жуулчлалын салбарын орлого улсын төсөв биш иргэдийн халаасанд ордог болохоор дотоодын эдийн засгийн жигд өсөлтийг бий болгодог. Монгол банкны хийсэн судалгаагаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд хамгийн хурдан нөхдөг салбар нь аялал жуулчлалын салбар, хоёрдугаарт худалдаа үйлчилгээ бусад салбаруудын гарцыг 25-аас дээш буюу хамгийн их хувиар нэмдэг салбар нь аялал жуулчлалын салбар гэж үзсэн. Магадгүй энэ жил 500 мянган дотоодын иргэн аялалаа гэж тооцъё.
Нэг иргэн өдөрт 80 мянган төгрөг зарцуулна, дунджаар тав хоног аялалаа гэж тооцвол, 200 орчим тэрбумын урсгал орон нутагт бий болно. Нэг аймаг 20 орчим тэрбумын орлого олох боломж байна. Иймд жуулчдын урсгалыг татах чиглэлд аймгуудын удирдлагууд ч бас анхаарч, ажиллах шарадлагатай.
Хүн бүр заавал Хөвсгөл явах биш, шинэ бүс нутгууд руу аялах боломжтой. Гэхдээ аль ч улсын аялал жуулчлалын салбар бол дотоодын жуулчдаас илүү гаднаас валютын орлого татах ёстой. Энэ жилийн хувьд дотоодын жуулчдыг татах зорилгоор ашиг олохоос илүүтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, ажлын байрыг авч үлдэх арга хэмжээг л авч байна гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ