Өмнө нь бид та бүхэндээ Өмнөд Солонгосын жүдогийн спортын оддын нэг, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Ван Ки-Чуныг өсвөр насны охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.05.21/ БНСУ-ын жүдогийн холбоо түүнийг хөөж байгаагаа зарлалаа. Тус холбооны удирдлагын мэдээлж буйгаар хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа Ван Ки-Чуныг холбооноосоо хөөж, бүх насаар нь жүдо бөхтэй холбоотой ажил хийх, тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ.
БНСУ-ын жүдо бөхийн холбоо(KJA)-ны сахилгын хороо түүнийг "жүдо бөхийн шударга байдал, нийгэмд эзлэх нэр хүндийг унагаасан" гэж үзэн тавдугаар сарын 13-ны өдөр санал нэгтэй энэхүү шийдвэрийг гаргажээ. Ван Ки-Чунд давж заалдах долоо хоногийн хугацаа байсан ч тэрбээр өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, давж заалдаагүй гэнэ. Мөн түүний хар бүсийг ч хураасан байна.
Ван Ки-Чун 1995 оноос эхлэн жүдогоор хичээллэн 2007 болон 2009 онуудад ДАШТ-нд түрүүлж 2008 оны Бээжингийн олимпийн -73 кг жинд гайхалтай барилдаж мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэрбээр 2016 онд зодог тайлан төрөлх Дэгү хотдоо өөрийн нэрээр жүдогийн бэлтгэлийн төвөө нээж, өдгөө Өмнөд Солонгос улс даяар зургаан салбартай болж хүрээгээ тэлжээ.
Холбоотой мэдээ