"Цар тахлын үед сошиал орчныг зөв хэрэглэхгүй бол сэтгэцэд нөлөөлнө"

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

"Цар тахлын үед сошиал орчныг зөв хэрэглэхгүй бол сэтгэцэд нөлөөлнө"

"Цар тахлын үед сошиал орчныг зөв хэрэглэхгүй бол сэтгэцэд нөлөөлнө"

Тавхан сарын өмнө коронавирусийн халдварын  талаар хэн ч мэдэхгүй байв. БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 2019 оны сүүлээр шинэ  коронавирусийн халдвар илэрч, дэлхийд албан ёсоор зарласан нь 2020 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр байсан юм. Коронавирусийн халдвар  нь дэлхийн  хүмүүсийг ажлын байрнаас нь , хүүхдүүдийг сургуулиас нь, хүмүүсийг найз нөхдөөс нь хөндийрүүлж эмнэлгүүдийг дүүргэж, олон нийтийн газруудыг хоосолсон  гэхэд буруудахгүй. Харин Монгол Улсын хувьд  халдварын 140 тохиолдол бүртгэгдснээс  26 хүн эдгэрч,114 хүн эмчлүүлж байна.

ДЭМБ-аас хорио цээрийн дараа иргэдийн сэтгэлзүйд анхаарч, энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ явуулахыг улс орнуудад анхааруулаад буй. Монгол Улс ч гэсэн хорио цээрийнэ дэглэмээ сунгаад буй. Улмаар хөл хорио нь  ард иргэдийн зан төлөв, хүмүүсийн сэтгэл зүйд бас нөлөөллөө хүнд тусаад буй. Мөн энэ үеэр хүмүүсийн дунд  халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл өсч, хэт цочролд орсон ухамсаргүй хүмүүс нийгмийн сүлжээгээр дамжуулан шүүмжлэл, үзэл бодлын ширүүхэн тулаан болоод байна. Тиймээс энэ нөхцөл байдлын үед нийгмийн сэтгэл зүй ямар байдаг, аюулыг хэрхэн даван туулах, сэтгэл зүйгээ яаж тайван байлгах талаар сэтгэл судлаачдын байр суурийг хүргэж байна.

-КЛИНИК СЭТГЭЛЗҮЙЧ Т.ХОНГОРЗУЛ:

-Цар тахлын үед хүний сэтгэц эрүүл бол сэтгэл зүйд нь тодорхой өөрчлөлт гардаг. Мэдээж, өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүсийн сэтгэл зүйд их, бага хэмжээгээр өөрчлөлт гарснаар сэтгэн бодох мэдрэмж алдагддаг. Сандрал, айдас, түгшүүр, уур бухимдалд автах үед сөрөг мэдрэмж давамгайлж, бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг. Тиймээс юуны түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдгийг мартаж болохгүй. Улмаар  сэтгэл санаа хямрах, уймрах үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Бусад хүмүүс надад тусална гэх хандлагатай болчихдог гэсэн үг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр тухайн асуудлаас би өөрөө гарч чадна гэсэн итгэл үнэмшлийг олох нь хамгийн чухал. Таны амьдрал таны гарт. Мөн та сөрөг мэдээллээс зайлсхийх хэрэгтэй. Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгаа нь иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлээд байна. Тиймээс баттай, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч бусдадаа хуваалцах хэрэгтэй.

Хэт их мэдээ, мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан хүлээж авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүйд хүргэх магадлалтай. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, дэлгэцийн хэрэглээг багасгахад гэмгүй.

Харин зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсч байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь чухал. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Мөн дасгал хөдөлгөөн чухал гэдгийг энд онцолмоор байна.

-СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ Ц.ДЭЛГЭРМЭНД:

-Улс бүр өөрийн гэсэн онцгой байдлын дүрэм, журамтай. Дээр нь дэлхий нийтээр дагаж мөрдөх журам гэж байгаа. Түүн дээр нэгэнт урьдчилан сэргийлэх, эмчлэх журмууд нь байгаа учраас ард иргэдийн хувьд тайван байх хэрэгтэй. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас байнга зөвлөгөө мэдээллийг өгч байна. Айдас түгшүүр, сандрал асуудлыг хүндрүүлнэ гэхээс сайн үр дүнд хүргэхгүй. Тиймээс онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал. Гал түймрийн үед яах ёстой вэ гэхэд хий дэмий гүйлдээд байхын оронд гарцаар гарахыг зөвлөдөг. Үүнтэй адил хийх ёстой зүйлүүдээ хийгээд тайван байхыг л зөвлөж байна.

Хамгийн эрсдэлтэй зүйл нь бид зөвхөн Монголд байгаа мэдээллийг нийгэм даяар цацдаг. Гадны эх сурвалжтай, бодит мэдээллийг авч чаддаггүй, түгээж чаддаггүй.

Дэлхий даяар чанартай, бодит эх сурвалжтай мэдээллүүд байхад зөвхөн хэн нэгний хэлсэн үг, санал бодол, айдсаа хуваалцсан, магадгүй зориудаар хүмүүсийг бутаргаж туйлширсан мэдээллийг хуваалцаж байна. Ийм мэдээллийг хуваалцах нь хүмүүсийг турхирч, өдөөн хатгалгад уриалж байгаа үйлдэл. Ямар ч тохиолдолд эх сурвалж нь тодорхойгүй бол цааш нь битгий хуваалцаарай. Энгийн амьдрал дээр ч гэсэн хэн хэлсэн нь бүрхэг мэдээллийг цааш дамжуулбал хов жив болдог. Үүнтэй адил сошиал орчинд ялгаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг цааш дамжуулж байгаа бол та хов дамжуулж байна гэсэн үг. Бид нийгмийн сүлжээний маш зөв хэрэглэгч болж сурахаас аргагүй. Эс тэгвэл сэтгэцийн эрүүл мэндэд маш их нөлөөлж байна. 

– “FOCUS ON THE FAMILY MONGOLIA" БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ Н.РЭНЖМАА:

-Коронавирусийн халдварын  үед  олон хөлийн газар болон хүмүүсийн бөөгнөрлөөс зайлсхийж аль болох хөл хорионд байх буюу гэртээ байх нь аюулгүй байдлыг хангаж байна. Халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам бол хүмүүстэй нүүр тулан уулзахгүй байх, хоёр метрийн зай баримтлах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Гэвч нөгөө талаараа харилцааны хэрэгцээнд саад учирч ганцаардах, стрессдэх, сэтгэл гутралд орох зэрэг сэтгэл зүйн сөрөг мэдрэмжүүд үүсэх магадлал ихэсч байна. Хүн бол нийгмийн амьтан. Харин коронавирус нь хүний харилцааны хэрэгцээнд саад учруулж байгаа юм. Биеийн хувьд тусгаарлагдах нь хүмүүсийг ганцаардалд хүргэдэг.

Хүн ганцаараа байхдаа тун их аз жаргалыг мэдэрч болно, мөн олон түмний дунд байгаа ч ганцаардлыг ч мэдэрч болно. Ганцаардах, ганцаараа байх хоёр нь ижил зүйл биш.

Орон зайн хувьд ганцаараа байхыг ганцаардал гэж ойлгож болохгүй.  Ганцаардал гэдэг нь өөрийн үнэлэмж буурах, бусад хүмүүсээс өөрийн үнэ цэнийг эрэлхийлэхийг хэлээд байгаа юм. Хэрэв энэ мэдрэмж  нь удаан үргэлжлэх юм бол сэтгэл гутрал, стресс зэрэгт оруулдаг. Улмаар сэтгэл зүйн эмгэг болох эрсдэлтэй. Ганцаардлыг мэдрэхгүй байх  ганц арга  нь  хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ойлгож, хайрлах юм.

Ганцаардал нь бие махбод, сэтгэл санааны хувьд нийгмээс тусгаарлагдах үед мэдрэгддэг сөрөг мэдрэмж. Өөрөөр хэлбэл ганцаардал нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Маш олон судалгаагаар нийгмээс тусгаарлагдсанаас үүдэн сэтгэл гутрал, түгшүүр болон амиа хорлох бодлын хооронд хамаарал байгааг тогтоосон байна.Коронавирус нь эрүүл мэндэд шууд нөлөөлөх аюултай. Харин стресс, ганцаардал нь шууд бус хэдий ч аюулыг дагуулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж