Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагаа “COVID-19” халдвартай холбогдуулан онлайн орчинд зохион байгуулагдаж өндөрлөв.
ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэсэн.
Улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбартаа манлайлж байдаг 2019 оны шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч, үндэсний аж ахуйн нэгж “Монголын Алт” (МАК) ХХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 2019 оны шалгаруулалтад шилдэг 10-т багтаж, өмнөх жилүүдийнхээ амжилтыг баталгаажуулжээ.
Татварын ерөнхий газраас зарласан 2019 онд хамгийн их татвар төлсөн арван ААН-ийн нэг болсон “Монголын Алт” (МАК)ХХК 2019 онд хамгийн их татвар төлсөн, хамгийн өндөр ашигтай ажилласан, хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан гэсэн үзүүлэлт тус бүрд шилдэг 10-т багтсанаараа онцлогтой юм.
19 дэх жилдээ Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран шалгаруулж байгаа энэхүү ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрч, Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байдаг үндэсний зүй ёсны бахархал билээ.
"Монголын Алт" (МАК) ХХК
Холбоотой мэдээ