Л.Цог: Урьд өмнөхөөс илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй, шаргуу ажиллах нь бидний тулгамдсан зорилт болж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Л.Цог: Урьд өмнөхөөс илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй, шаргуу ажиллах нь бидний тулгамдсан зорилт болж байна

Бид үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хуулийн төслөө Улсын Их Хуралд өргөн барьчихсан учир энэ асуудал удахгүй шийдэгдэх байх.

Ирэх жилүүдэд урьд өмнөхөөс илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй, шаргуу ажиллах нь бидний тулгамдсан зорилт болж байна гэдгийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог онцлон тэмдэглэв.

Тэрээр өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилд зориулсан уулзалт-ярилцлагын үеэр ийнхүү үг хэлэхдээ, 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс цагаатгагдалгүй үлдэх ёсгүйг бид чиг зорилгоо болгон ажиллах хэрэгтэйг  цохон хэлээд, 1131 хэргийг шалгаж цагаатгах, нэхэмжлэгч нь өргөдлөө өгсөн боловч хэрэг материал нь олдохгүй байгаа 922 хүний асуудлыг шийдвэрлэх, 1000 гаруй нэхэмжлэгчийн садан төрлийн холбоог тогтоох шаардлагатай байгаа бөгөөд Үндэсний төв архивт байгаа хүн амын тооллогын материалыг дахин шалгаж уг ажлыг нэг мөр болгон дуусгах хэрэгтэй гэв.

Өнөөдөр болсон уулзалт- ярилцлагад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Тагнуулын ерөнхий газар болон зарим аймгийн цагаатгалын салбар комиссын төлөөлөл оролцож өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг сэргээх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгчид болон тэдний ар гэрийнхэнд нөхөх олговор олгох, тусламж дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажлынхаа талаар тус тус танилцууллаа.

1939 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн зарим хүмүүсийн хэргийг шалгаж сулласнаар цагаатгах ажил эхэлсэн бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын дээд шүүх 26880, анхан шатны шүүхүүд 203, Улсын ерөнхий прокурорын газар 2302 иргэнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээгээд байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж