АНУ-д төрөлт багассаар 35 жилийн түүхэн дэх хамгийн доод цэгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

АНУ-д төрөлт багассаар 35 жилийн түүхэн дэх хамгийн доод цэгт хүрэв

АНУ-д төрөлт багассаар 35 жилийн түүхэн дэх хамгийн доод цэгт хүрэв

АНУ-ын халдварт өвчний хяналт, сэргийллийн төвөөс өчигдөр/2020.05.20/ ил болгосон баримтаар 2019 онд шинэ төрөлт тав дахь жилдээ зогсолтгүй буурсаар 35 жилийн түүхэнд хамгийн бага төрөлттэй жил болон тэмдэглэгдсэн байна. Төрөлт багасахын хажуугаар хүн амын дундаж наслалт өсч буй нь мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоож буй аж.

Баримтаас харахад 2019 онд нийт 3.7 сая гаруй хүүхэд мэндэлсэн нь 2018 оныхтой харьцуулахад нэг хувиар буурсан үзүүлэлт аж. Тэр дундаа 15-19 насны эмэгтэйчүүдийн төрөлт 5 хувиар буурч, 20-иод насныхан ч хүүхэд төрүүлэх нь багасч, 35-39 насны эмэгтэйчүүдийн төрөлт өөрчлөгдөөгүй байна. Харин 40-өөс дээш насны эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь 2 хувь болж нэмэгдсэн байна.

Мэргэжилтнүүд ийнхүү шинэ хүүхэд төрөх нь багассаар байгааг орчин үеийн гэр бүлүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хожуу, цөөхөн хүүхэд гаргадаг болсонтой холбон тайлбарлаж байна. Мөн төрөлт багасахын хэрээр хүүхэд төрүүлэх тухай буруу мэдээлэл олны дунд тархах болжээ. Жишээ татвал, доктор Ив Финбергийн хэлснээр сүүлийн үед нас ахих тусам төрөхөд хэцүү болдог гэдэгт хүмүүс ихээр итгэх болжээ.

Энэ жилийн баримтаас үзэхэд хагалгаагаар төрөх явдал 32 хувиар багасч, хугацаанаасаа өмнө төрөх төрөлт тав дахь жилдээ нэмэгдэж, 10 хувиас илүү болжээ.

Гэхдээ энэхүү баримтаас харахад зарим эерэг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал 2017-2018 онд 15-19 насны хүүхэд жирэмслэх болон төрөх нь 7 хувиар буурсан бол өнгөрсөн жил энэ тоо дахин 5 хувиар буурсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шинэ төрөлт буурсаар байвал ирээдүйд хөгшчүүд илүү удаан амьдарч, эдийн засгийг тогтвортой авч явах залуус хангалтгүй болно хэмээн санаа зовж байна. Цаашлаад залуу хүмүүсийн тоо багасах нь нийт үндэстний хэмжээнд яригдах аюул гэнэ.

Гэхдээ covid-19 цар тахал 2020 оны төрөлтөд хэрхэн нөлөөлөх нь эргэлзээтэй байна. Хэдий олны танил хүмүүс жирэмсэн болсноо цахим орчинд олноор зарлаж байгаа ч нийт хүн амын хэмжээнд энэ бүхэн эсрэгээрээ байж болох аж. Тухайлбал, шинэ коронавирусээр олон эмэгтэй халдварлаж, хүүхэдтэй болох талаар бодох ч сөхөөгүй байгаа бол залуу хосууд коронавирус урагт хэрхэн нөлөөлөхийг тодорхой хэлж мэдэхгүй тул хүүхэдтэй болох гэж яарахгүй байгаа гэнэ. Нөгөө талдаа хамтдаа хөл хорионд орсон хосууд хүүхэдтэй болох магадлал нэмэгдэж, эрүүл мэндийн тогтолцоо хямарснаар жирэмслэлтээс сэргийлэх, аборт хийх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ ховордох нь шинэ төрөлтийг өсгөж ч магадгүй юм байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж