Дэлхийд хамгийн томд тооцогдох цахилгаан цэнэгт хуримтлуур баригдах болсонтой холбогдуулж Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Цахилгаан цэнэгт хуримтлуур ашиглалтад орсноор манай эрчим хүчний системд ямар давуу талтай вэ?
-Монгол Улсын эрчим хүчний системийн бүтэц, эх үүсвэрүүдийн ихэнх нь дулааны станцууд байдаг. Өөрөөр хэлбэл нүүрсээр ажилладаг станцууд. Энэ бүтэц ямар сул талтай гэхээр уян хатан биш бүтэц юм. Өөрөөр хэлбэл газ, хий, усан цахилгаан станц гэсэн ийм эх үүсвэрүүд байхад хурдан сэргэх, ачааллаа богино хугацаанд дарах, авах давуу талтай байдаг. Гэтэл нүүрсээр ажилладаг станцууд дутагдалтай. Монголын эрчим хүчний салбар ОХУ-ын системтэй зэрэгцээ ажилладаг. Өөрөөр хэлбэл давтамж гэдэг юм бий. 50 герцийн бол ОХУ-аас тохируулга хэлбэрээр авдаг. Хэрвээ батерей хуримтлуурын систем маань ашиглалтад орвол ямар давуу талтай гэвэл монголын эрчим хүчний салбар өдөр, шөнийн ачаалал асар их ялгаатай. Өдөр, шөнийн ачааллын зөрүү дунджаар 200-300 МВт хүрдэг. Маш савлалттай явдаг гэсэн үг. Хэрэглээ маань шөнө бага болчихдог. Өдөр өсдөг ялангуяа орой ажил тарснаас хойш 10 цаг хүртэл маш өндөр ачаалалтай явдаг. Тэгээд дараа нь буудаг. Энэ үеийн ачааллыг Монгол Улсын хамгийн том IV цахилгаан станц тохируулж байдаг. Уг нь хамгийн том цахилгаан станц үндсэн горимд явах ёстой. Гэтэл энэ тохиолдолд тохируулгын горимд явж байна. Тохируулгын горимд ажиллах нь тоноглолын эдэлгээнд их муу нөлөөтэй. Нэг ачааллаад, нэг буулгаад байхаар хор уршигтай. Энэ жишээ бол эрчим хүчний томоохон тоноглолууд дээр учирч байгаа. Ялангуяа IV цахилгаан станц дээр. Монгол Улсын гол ачааллыг үйлдвэрлэдэг станцынхаа дөрвөн турбингенераторыг энэ жил шинэчилж байгаа. Ингэснээр 90 гаруй МВт-аар хүчин чадал нэмэгдэнэ. Мөн хуучин генераторын эдэлгээ муудчихсан байсан. Энэ нь тогтмол цахилгааны савалгаатай явсанаас болоод ийм хор хохиролтой болоход тодорхой нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Энэ үйл ажиллагаа батерей хуримтлуур ашиглалтад орвол шөнийн тариф хямдхан, ачаалал багассан үед өөрөө хэрэглээгээ хангаад явна. Одоо төвийн эрчим хүчний системээс цахилгаан аваад батерейнуудаа цэнэглэчихнэ. Тэгэхээр шөнө огцом буучихсан доошоо орсон энэ үзэгдлийг тэмээний бөх гэж ярьдаг. Тэр доошоо орсон байдлыг дээшээ татаж гаргаж ачаалал авна. Одоо манайхан ОХУ руу үнэгүй шахам урсгаад байна гэж их шүүмжилдэг. Тэрийг энэ хэрэглүүр авна. Дараа нь орой оргил ачааллын үед ОХУ-аас импортоор авч байгаа хэрэглээг цахилгаан хуримтлуур нөхөж төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг болно. Тэмээний бөх гээд байгаа савалгааг багасгах, тогтворжуулж өгөх давуу талтай. Хоёрдугаар давуу тал нь импортыг багасгана. Өнгөрсөн жил төвийн эрчим хүчний систем ОХУ-аас 250 орчим сая киловатт цаг эрчим хүч авсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэл илүү гарна, тодорхой нэмэгдэнэ гэсэн санаа юм. Гуравдугаарт техник эрчим хүчний саатал доголдлын үед маш их хэрэг болно. Системийг тогтворжуулж, савалгаа үүссэн тодорхой үед нь нийлүүлнэ. Аваар саатал болоод зогсох үед нь тодорхой хэмжээнд нийлүүлэх, систем маань хурдан сэргэх нөлөөтэй.
-Хэрэгжиж байгаа төсөл ямар шатандаа явж байгаа вэ? Шинэ цахилгаан хуримтлуурын баригдах байршил нь хаана вэ?
-Энэ төсөл өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж байна. Санхүүжилтын асуудал бүрэн шийдэгдсэн. Одоо төслийн нэгж байгуулах ажил явагдаж байна. Байршил нь Сонгино хайрхан дүүрэгт байрлана. Дараа нь тендер зарлагдаад, гүйцэтгэгчээ шалгаруулаад явна.
-Энэ бүтээн байгуулалтыг хийхэд яамны барьж байгаа бодлого, чиглэл?
-Эрчим хүчний яам бол тодорхой байр суурьтай байгаа. Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлнэ гэж зорьж байгаа. Аль болохоор өөрөө биеэ даах чадвар суулгаж байна. Үүний нэг эхлэл нь энэ байгаа юм. Мөн Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлт нь шинэчлэгдсэн. Одоо БНХАУ-ын талаас судалж байна. Энэ жилдээ эхэлчих байх гэж бодож байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системд тогтвортой, найдвартай ажиллагаанд хамгийн гол нөлөөлөх юм. Мөн хийгээр ажилладаг ч юмуу, усаар ажилладаг, батерей хуримтлуур гээд байгаа нь тогтвортой ажиллагаанд маш эерэг нөлөөтэй. Энэ талын ажлуудыг маш их дэмжиж байна. Цахилгаан цэнэгт хуримтлуур бол эхний том ажил нь. Дараа нь томоохон хэмжээний усан цахилгаан станц ашиглалтад орохоор Монгол Улсын эрчим хүчний систем өөрийгөө аваад явах чадвар дээшлэх юм. Гэхдээ бид ОХУ-аас авдаг эрчим хүчтэй зэрэгцээ ажиллахын хувьд хэвээрээ ажиллаад явна. Хэмжээ нь багасна. Цахилгаан хуримтлуур мөн эдийн засгийн үр өгөөжтэй. Техник, тоноглолоо бага ачааллуулаад, хэлбэлзүүлж ажиллах нь алдагдлыг багасгаж байгаагаараа үр ашигтай гэж тооцоолж байна.
Холбоотой мэдээ