Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Домогт Шер

Америкийн поп хөгжмийн охин тэнгэр, жүжигчин Шер өчигдөр/2020.05.20/ 74 нас хүрлээ. Жинхэнэ нэр нь Шерилин Саркисян боловч 1960-аад онд эрчүүд давамгайлсан хөгжмийн ертөнцөд эмэгтэй хүний хүч чадлыг харуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Нэг үгээр хэлбэл, 60 жилийн турш хүчирхэг, гайхалтай хоолойгоороо дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиож, хэд хэдэн салбарт хүчин зүтгэсээр ирсэн авъяастан билээ. "NEWS" агентлаг энэ долоо хоногийн "Хүмүүс" буландаа домогт Шерийг танилцуулж байна.

Шер анх 1965 онд нөхөр Соннитойгоо хамтран “I got you babe” дууг дуулсан нь даруй АНУ болон Их Британийн хөгжмийн чартын нэгдүгээрт бичигдэж олонд танигдсан түүхтэй. Улмаар 1967 он гэхэд Сонни, Шер хоёр олон улсад 40 сая рекорд борлуулж, Тайм сэтгүүлийн онцлох рок хос хэмээн нэрлэгдсэн байна. Шер 1966 онд анхны ганцаарчилсан, сая хувь борлогдсон “Bang bang (My baby shot me down)” уран бүтээлээ туурвиж бие даасан урлагийн гараагаа эхлүүлж байв.

Түүнээс хойш Сонни, Шер хоёр 1970-аад онд өөрсдийн гэсэн инээдмийн нэвтрүүлэгтэй болсон нь гурван жилийн турш долоо хоног бүр гарахдаа тогтмол 30 сая гаруй үзэгчтэй байсан нь Шерийг телевизийн салбарт нэр хүндтэй нэгэн болгосон юм. Мөн тус телевизийн шоугаа хөтлөхдөө Шер загварлаг хувцас өмсдөг байсан нь загварын ертөнцөд танигдахад нөлөөлжээ.

Телевизэд ажиллаж байхдаа тэрбээр Шер “Gypsys, Tramps & Thieves”, “Half-Breed”, “Dark Lady” бие даасан уран бүтээлүүдээ гаргасан нь бүгд АНУ-ын Биллбоард чартын шилдэг 100 дууны жагсаалтад багтжээ. Удалгүй 1975 онд Шер нөхөр Сонни Боногоос салж, дөрвөн жилийн хугацаанд нам жим байсан юм. Харин 1979 онд “Take me home” цомгоороо урлагийн ертөнцөд эргэн ирж, 1980-1982 онд Лас Вегасын тайзан дээр долоо хоногт 300 мянган ам.долларын орлого олж байв.

Удалгүй Шер кино урлагт хөл тавьж, “Silkwood”(1983), “Mask”(1985), “The witches of Eastwick”(1987),”Moonstruck”(1987) кинонуудад тоглосон нь үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээж, шилдэг эмэгтэй жүжигчний Академийн шагнал хүртэж байжээ.

БАГА НАС

Шерилин Саркисян 1946 оны тавдугаар сарын 20-нд Калифорнийн Эль Центрод том тэрэгний жолооч Жон Саркисяны охин болон мэндэлжээ. Түүний аав мөрийтэй тоглоом, хар тамхины асуудалтай байсан бол ээж Жэки Жийн Кроч нь загвар өмсөгч, жүжигчин байжээ. Аав нь барагтай бол гэртээ үзэгдэж харагддаггүй, ээжтэй нь таарамжгүй харьцаатай байснаар Шерийг 10 сартай байхад нь хаяж явжээ. Хожим Жэки Жийн жүжигчин эр Жон Соутхаллтай гэрлэж Шерт охин дүү төрүүлж өгсөн байна.

Өдгөө 93 настай, Лос Анжелест амьдарч буй Жэки Жийн Жон Соутхаллтай амьдарч байхдаа нэрээ Жиоржиа Холт болгон сольж, рестораны зөөгч хийхийнхээ хажуугаар киноны туслах дүрүүдэд тоглож эхэлжээ. Гэвч удалгүй Шерийг есөн настай байхад Жиоржиа дахин нөхрөөсөө салж, гэр бүл нь хүнд байдалд оржээ. Түүнээс хойш Жиоржиа хэд хэдэн хүнтэй учирч, салж, Нью Йорк, Техас, Калифорни гээд олон газруудаар хоёр охиноо дагуулан амьдарч байжээ. Ингэж явахдаа тэд амьдралын хүнд хэцүүг хангалттай туулжээ. Шинэ гутал авах мөнгөгүйгээс Шер урагдаж, салсан гутлаа үсний боолтоор боож тогтоодог байснаа хожим дурсаж байв. Мөн аргагүйн эрхэн Жиоржиа Шерийг хэд хэдэн удаа асрамжийн газарт өгч байжээ. Ингэхдээ тэрбээр өдөр бүр охин дээрээ очиж уулздаг байсан ч энэ нь хожим ээж, охин хоёрын сэтгэлд гүн шарх болж үлдсэн гэдэг.

Шер анх тавдугаар ангид байхдаа ангийнхаа охидыг зохион байгуулж, найруулан багшдаа болон ангийнхандаа Оклахома мюзикль тоглож байжээ. Ингэхдээ ангийнхаа хөвгүүдтэй учраа олж чадаагүй тул Шер өөрөө эрэгтэй дүрүүдийг бүтээж, эрэгтэй хоолойгоор дуулсан гэдэг. Учир нь Шер багын л өвөрмөц бүдүүн хоолойтой байв. Мөн балчир наснаасаа алдартай хүн болохыг маш ихээр мөрөөддөг байжээ. Гэвч өөрийгөө хөөрхөн биш, авьяасгүй хэмээн бодно. Тэрбээр хожим “Би өөрийнхөө хийж чадах зүйлсийг чадна гэдэгтээ итгэдэггүй байлаа. Би өөрийгөө хэзээ ч дуучин, бүжигчин болно гэж төсөөлж чаддаггүй байв. Гэхдээ л би яаж ийгээд алдартай хүн болохыг зорьсон юм” хэмээн дурссан юм.

1961 онд Жиоржиа банкны менежер Гилберт ЛаПьертэй суусан байна.  Улмаар Гилберт түүний хоёр охиныг өргөн авч, Шерийн нэр Шериль ЛаПьер болжээ. Гилберт хоёр охиноо Монтклейр ахлах сургуульд оруулж өгсөн аж. Тус сургуулийн сурагчид ихэвчлэн сэхээтэн гаралтай байсанд Шер ангийнхантайгаа төдийлөн нийтэч байж чаддаггүй байв. Хожим түүний ангийн охин “Би Шерийг анх харж байснаа хэзээ ч мартдаггүй. Тэр үнэхээр онцгой, яг л кино жүжигчин шиг харагдаж байсан. Тэр өөрөө үргэлж жүжигчин болно гэж ярьдаг, бид ч түүнд нь эргэлзээгүй итгэдэг байлаа” хэмээн дурсчээ. Шер онц сурлагатан биш ч ухаалаг, бүтээлч сурагч байжээ. Удалгүй насанд хүрээд түүний этгээд зан авир гаргах нь улам ихэсч, сургуульдаа хэт задгай хувцаслан ирж, их завсарлагаанаар сурагчдад дуу дуулж, гайхшруулдаг болжээ. Энэ тухайгаа Шер “Би өөрийгөө сургуульд сурч байна гэж боддоггүй байсан. Би ердөө л том болж, алдартай болохоо хүлээж байлаа” хэмээн ярьсан удаатай.

УРЛАГИЙН ГАРАА 

16 насандаа Шер сургуулиасаа гарч, гэрээ орхин Лос Анжелест найзтайгаа хамт амьдарч эхэлжээ. Тэрбээр жүжигчний дамжаанд явж, өөрийгөө хөгжүүлэн, жижиг клубүүдэд бүжиглэн алдартай хүмүүс, менежерүүд, төлөөлөгч нарт өөрийгөө танилцуулсаар байв. Тэрбээр хэзээ ч шинэ хүнтэй танилцах, өөрийгөө харуулах боломжоос хойш суудаггүй. Ингэж явсаар Шер 1962 оны арваннэгдүгээр сард дуучин Сонни Бонотой танилцжээ. Удалгүй Шерийн найз өөр тийшээ нүүсэнд тэрбээр Соннигийн гэрийн үйлчлэгч болж Лос Анжелест үлдсэн гэдэг. Сонни түүнийг өөрийн продюсер Фил Спектортой танилцуулсанд Фил түүнийг Бонни Жо Мэйсон нэрээр хэд хэдэн дууны ард дуулуулсан аж.

Удалгүй Шер, Сонни хоёр дотносч 1964 оны аравдугаар сарын 27-нд цомхон хурим хийжээ. Сонни эхнэрээ бие даасан дуучин болгохыг хүссэн ч Шер тайзан дээр гарахаас айж байсан учир өөрөө тайзан дээр нь үргэлж хамт гарч, “Цезарь, Клео хоёр” нэрээр хослон дуулах болжээ. Шер тайзан дээр гарсан ч нөхрөө хараад сандрахаа больдог байж. Тун удалгүй Шер Лайберти рекордстой гэрээ байгуулж, Сонни түүний продюсер болжээ. Хамтран ажиллаж, амьдраад багагүй амжилт олсны дараа 1965 онд хос өөрсдийгөө “Цезарь, Клео хоёр” гэхээ больж, өөрсдийнхөө нэрээр “Сонни, Шер хоёр” хэмээн нэрлэх болсон гэдэг. Тийнхүү Сонни, Шер хоёр АНУ төдийгүй Их Британид аялан тоглолт хийж, жинхэнэ домог болжээ. Хүмүүс тэдний дуу хоолойд төдийгүй гайхалтай хувцаслалтад татагддаг байв.

Хамтдаа маш их нэр хүндийн эзэн болж, дэлхий даяар 40 саяын борлуулалттай болсон хосын харилцаа хэдхэн жилийн дараа муудаж эхэлсэн нь харамсалтай. Учир нь Сонни өөр хүүхнүүдтэй уулзах болжээ. Гэсэн хэдий ч Шер 1969 оны гуравдугаар сарын 4-нд Шер хүү Чаз Боногоо төрүүлснээр Сонни, Шер хоёр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан гэдэг.

 

 

 

 

 

УРЛАГИЙН ЕРТӨНЦӨӨС ЗАЙ БАРИВ

Хосуудын хайр 1972 он гэхэд унтарсан байв. Удалгүй 1974 онд Сонни шүүхэд салах өргөдлөө өгчээ. Гэрлэлтээ цуцлуулах шүүх хурал санхүүгийн асуудал болон хүүгээ асран халамжлах эрх дээр сунжирсаар 1975 оны зургадугаар сард дуусч, Шер хүүгээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулсан байна.

Түүнээс хойш Шер хэсэгтээ уран бүтээл туурвилгүй өөрийгөө хөгжүүлж, зөвхөн поп дуучин төдийгүй чадварлаг рок дуучин гэдгээ дэлхийд харуулахын тулд өөрийгөө бэлдэж байв. Энэ хоорондоо тэрбээр телевизэд долоо хоног тутамд шоугаараа үзэгчидтэй уулзаж байлаа.

Гэрлэлтээ бүрэн цуцлуулснаас дөрвөн хоногийн дараа буюу 1975 оны зургадугаар сарын 30 нд Шер рок хөгжимчин Грегг Аллмэнтэй гэрлэсэн юм. Гэвч есөн өдрийн дараа тэрбээр Греггийн хар тамхи, архины хэрэглээнээс болоод салах өргөдөл гаргажээ. Гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байтал тэд 1976 оны долдугаар сарын 10-нд хүүтэй болж, Элияа Блью хэмээн нэрлэжээ.

Шер ганцаараа телевизийн шоу зохион байгуулахад хэцүү байсан тул удалгүй хуучин нөхөртэйгөө хамтарч өөрсдийн шоугаа үргэлжлүүлсэн гэдэг. Тийнхүү Сонни, Шер хоёрын шоу салсан хосын хамтарч хийдэг анхны бөгөөд ганц телевизийн шоу болжээ. Гэвч салсан нөхөртэйгөө хамтран шоу хийх, одоогийн нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай байх зэрэг нь олны хэл амны бай болсоор шоу 1977 онд бүрэн зогсчээ.

Хоёр дахь нөхөртэйгөө хамтран “Two the hard way” хэмээх цомог хэвлүүлсний дараа тэр хоёрын харилцаа эргэн муудаж, 1979 онд салцгаажээ. Түүнээс хойш Шер Kiss хамтлагийн гишүүн Гене Симмонстой хоёр жил хамтран амьдарсан ч бас л бүтсэнгүй. Мөн тэр жилдээ Шер өөрийн жинхэнэ нэр болох Шерилин Саркисян Ла Пьер Боно Аллмэнийг албан ёсоор сольж ердөө л Шер болгосон гэдэг.

Түүнээс хойш хоёр хүүхэдтэй ганц бие ээж хөгжмийн ертөнцдөө рок дуучин болон эргэн ирсэн ч эрүүл мэнд, Соннигийн үхэл зэрэг шалтгаануудаас болоод хэд хэдэн удаа урлагаас холдож бас эргэн ирж байжээ. Тэрбээр өдгөө Лос Анжелест амар жимэр аж төрж байна. Түүний нийт хөрөнгө 360 сая ам.доллар болжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж