Израилд суух Хятадын Элчин сайд Ду Вей өнгөрсөн Ням гаригт (2020.5.17) Тель Авив хот дахь гэртээ нас барсан билээ. 58 настай Ду Вейг байгалийн жамаар нас барсан гэж үзсэн бөгөөд өчигдөр (2020.5.20) цогцсыг нь нутаг буцаажээ. Цогцсыг нутаг буцаах ёслол коронавирусийн халдвараас шалтгаалан Бен-Гурион нисэх буудалд цөөн хэдэн минут болсон байна. Израилын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ювал Ротем хэлэхдээ “Энэ хэцүү цаг үед бид Элчин сайд Ду Вейтэй ийм байдалтай салах ёс үйлдэнэ гэж хэн төсөөлөх билээ. Хятад улс, дэлхийн жинхэнэ дипломатаа алдлаа” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Элчин сайд Ду Вейг нас барах үед эхнэр, хүү нь Израилд байгаагүй аж. Ду Вей нь коронавирусийн халдвар тархсан ид үед буюу өнгөрсөн хоёрдугаар сард Израилд суух Элчин сайдаар томилогдсон байв. Өмнө нь тэрбээр Украинд суух Хятадын Элчин сайдаар ажиллаж байсан юм.
Израил, Хятад улсын харилцаа сүүлийн үед сайжирч, хоёр талын худалдаа өссөн нь АНУ-ыг түгшээх болжээ. АНУ-ын Ойрхи-Дорнод дахь ойрын холбоотнуудын нэг Израилд Хятад тагнуулын үйл ажиллагаа явуулахаас Вашингтон сэрэмжилсэн аж.
Элчин сайд Ду Вей нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпёог шүүмжилсэн мэдэгдэл хийснээс хоёр хоногийн дараа нас барсан нь анхаарал татсан юм. Тэрбээр Бээжинг коронавирусийн халдварын мэдээллийг нуусан гэж, Израил дахь Хятадын хөрөнгө оруулалтыг шүүмжилсэн Майк Помпёог буруутгасан аж.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ