Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас энэ оны нэгдүгээр сараас эхлээд есдүгээр сарын 1-н хүртэл бүх шатны сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Хичээлийг цахимаар хийсэн тул оюутнууд нэгдүгээр сараас хойш дотуур байранд амьдрахгүй болж, төлбөрөө буцаан авах асуудлыг тавьж эхэлсэн байдаг. Эл асуудлыг шийдвэрлэснээр оюутнууд дотуур байрны төлбөрийн тодорхой хувийг буцаан авч эхэлжээ. Энэ асуудлыг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Г.Батнэмэхээс тодрууллаа.
-Оюутны дотуур байрны төлбөрийг сургуулиуд буцаан олгож эхэлсэн мэдээлэл байна. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Боловсролын тухай хуулиар их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр, бүтэц, орон тоо зэрэг асуудлыг сургуулийн удирдлага, удирдах зөвлөл шийддэг. БСШУС-ын сайдын гаргасан А195 тушаалын дагуу их дээд сургуулийн захирлуудад дотуур байрны төлбөрийн асуудлыг оюутантай харилцан зөвшилцсөний үндсэн дээр уян хатан байдлаар зохицуулах чиглэлийг хүргүүлсэн.
Тухайлбал, СУИС төгсөх курсийн оюутнуудын нэгдүгээр сараас хойших оюутны дотуур байрны төлбөрийг буцаан өгсөн бол 1-3 дугаар курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг ирэх жил рүү шилжүүлж байгаа.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн оюутны байр байгаа вэ. Энэ хичээлийн жилд хэчнээн оюутан дотуур байранд хамрагдах хүсэлт өгсөн юм бол?
–Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн 51 дотуур байранд нийтдээ 11854 оюутан хамрагдах хүсэлтээ өгсөн. Яамнаас дотуур байранд амьдарч буй оюутнуудын судалгааг хоёр долоо хоног тутамд шинэчлэн авч байна. Мөн оюутны эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч дотуур байрны ариутгал, халдваргүйжүүлэлт, эмчийн үзлэгт байнга хамруулах зэрэг асуудлыг Боловсролын хүрээлэнтэй хамтарч хяналт тавьж хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 15-ны өдөр дотуур байруудад очиход 381 оюутан амьдарч байсан. Үүнээс 218 нь гадаад оюутан байна.
-Төгсөх курсийн оюутнууд бүгд байрны төлбөрөө буцаан авах боломжтой гэж ойлголоо зөв үү?
-Тийм. Сайдын тушаалаар нэгдүгээр сараас хойших дотуур байрны төлбөрийг сургуулиуд өөрсдөө шийдээд уян хатан байдлаар буцаан олголтыг хийж байгаа.
-Оюутны дотуур байрны төлбөр дунджаар хэдэн төгрөг байдаг юм бол?
-Дотуур байрны төлбөр янз бүр. Гадаад болон дотоод оюутны байрны төлбөр тусдаа. Ер нь 400 мянгаас эхлээд нэг сая орчим байдаг. Гадаад оюутных бол нэг саяас дээш харилцан адилгүй байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ