Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орон бүр амьсгалын аппаратны хомсдолд ороод байгаа билээ. Түүнчлэн дайн тулааны хөлд нэрвэгдсэн Афганистан улсын 38,9 сая хүнд ердөө 400 орчим амьсгал дэмжих аппарат ногдож байдаг гэнэ.
Тэгвэл Афганистаны робот зохион бүтээгч охидын баг машины эд ангиар зах зээлийн үнээс 60 дахин хямд амьсгалын аппарат бүтээснийг BBC онцолжээ.
Өмнө нь олон улсын робот бүтээгчдийн тэмцээнд амжилттай оролцож, тусгай байр эзэлж байсан “Afghan Dreamers” хэмээх багийн охид 14-17 настай. Одоо тэд энэхүү аппаратаа аль болох олныг үйлдвэрлэж, орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлэхээр хичээн ажиллаж байгаа аж. Охид амьсгалын аппаратаа хуучин Toyota Corolla автомашины хөдөлгүүр, Honda мотоциклийн дамжуулах эд ангиудыг ашиглан бүтээсэн байна.
Дэлхий даяар амьсгалын аппаратны хомсдолд орсон энэ үед нэг амьсгалын аппаратын зах зээлийн үнэ 30,000-50,000 ам.долларын хооронд байгаа нь ядуу, буурай улс орнуудад хүнд цохилт болж байгаа юм. Харин Афган охидын бүтээл 600 ам.доллар хүрэхгүй өртгөөр бүтэж байна.
“Afghan Dreamers” багийн охид тус улсад халдвар анх бүртгэгдсэн Херат мужийн оршин суугчид бөгөөд хөрш зэргэлдээ хотууд нь тахлын голомт болоод байгаа учир хөл хорионы улмаас сэлбэг хэрэгсэл олоход бэрхшээлтэй байгаа тухай ярьжээ.
Тус улсын эмэгтэйчүүдийн ердөө 30 хувь нь л бичиг үсэг тайлагдсан ба Афган охидын бүтээл нийгмийн хандлагад хүчтэй нөлөөлөх нь гарцаагүй. Мөн тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани “Afgan Dreamers” байгин төслийг дэмжихээ амласан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ