Төмөр замын тээвэр хоёр сая тонноор буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Төмөр замын тээвэр хоёр сая тонноор буурчээ

Төмөр замын тээврээр энэ оны эхний 11 сард 17 сая 373 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 25 мянга 983 зорчигч тээвэрлэсэн статистик тоо байна. Өнгөрсөн онд “Улаанбаатар төмөр зам”  хувь нийлүүлсэн нийгэмлэг 21 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Харин энэ жил дээрх тоог хоёр саяар бууруулж,  жилийн эцэст 19 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн  тооцоог “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргасан байх юм. Төмөр замаар зорчих иргэдийн тоо ч энэ онд 15 хувиар, орлого 30 тэрбум төгрөгөөр тасалджээ. Урд хөршийн эдийн засгийн хувь доошилсон нь Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ буурахад голлон нөлөөлснийг төмөр замчид ярилаа. Мөн Монгол дотооддоо цемент, шохойн үйлдвэрүүдтэй болсон нь барилгын бараа тээвэрлэлт 700 орчим мянган тонноор багасгахад хүргэжээ. Үүн дотроо цементийн тээвэрлэлт 503 мянга тонноор, төмрийн хүдэр, нүүрсний тээвэрлэлт мөн л 500 мянга орчим тонноор буурчээ. 

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ОХУ-ын “Роснефть” компанитай шатахуун шууд худалдан авах гэрээг байгуулсан боловч Монгол Улсын Засгийн газар онцгой албан татвар авах шийдвэрийг гаргажээ. Төмөр замын тээврийн салбарын тээврийн зардлын 50 хувийг түлш эзэлдэг байна.  Цаашид энэ салбарт Монгол Улсын Засгийн газар онцгой албан татвараас чөлөөлөх, үнийн тарифыг бууруулах асуудалд анхаарч, нэгдсэн бодлогыг гаргахгүй бол төмөр замын салбар уналтад орох аюултай гэж Т.Очирхүү тайлбарлалаа. Дотоодын цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний тээврийн хэмжээ өсөж эхэлсэн ч,  Засгийн газраас тээврийн үнийг барьсан нь  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт алдагдал үүсжээ. Өөрөөр хэлбэл дотоодын нүүрсний тээвэр өсөх тусам төмөр замын тээврийн орлого, зарлагаа давахаа больжээ.

2010-2012 оны хооронд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт Монгол, Оросын Засгийн газрууд нийт 250 сая ам. Долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус мөнгө зөвхөн техник шинэчлэлтэд зориулагдсан байна. Салбарын яамнаас нь урд, хойд хөршөө түшиглэж, одоогийн ачаа эргэлтийг өөрийн улсдаа татах шаардлагатай гэж тооцжээ. Ингэхийн тулд Орос, Хятад, Монгол гэсэн гурван талын харилцааг дээшлүүлэх төрийн зохицуулалтыг хийх шаардлагатай юм.

Олон улсын статистик мэдээллээр ОХУ, БНХАУ хоорондын төмөр замын ачаа эргэлт 100 сая ам долларт хүрдэг. 2020 он гэхэд дээрх тоог 250 сая ам доллар болгон нэмэгдүүлэх зорилтыг хоёр тал тавьсан байна. Харин тус хоёр улсын монголоор дамждаг ачаа эргэлтийг тооцвол ОХУ-аас БНХАУ руу зургаан сая тонн, БНХАУ-аас ОХУ руу гурван сая тонн ачаа байх юм. Ийнхүү хоёр хөршийнхөө тооцооллыг дагаж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ, тоог нэмэх ямар аргууд байна вэ гэдгийг тодорхойлохын тулд салбарынхан нь өнөөдөр хэлэлцэж эхэллээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж