Терроризмын дайн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

 

9/11-ны халдлагаас хойш дэлхийн улс орнууд алан хядлагатай тэмцэх стратегиа чангатгасан. Гэвч Парист лалын алан хядагчдын үйлдсэн аймшигт халдлага улс орнуудын аюул заналхийллээс хамгаалах чадвар сул байгааг нотолсон билээ. Дэлхий дахинд юу болж байна вэ? Буун дуу, алан хядлага, дэлбэрэлт, хүчирхийлэл. Хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагуудаас бид ийм л зүйлс олж сонсож байна. Мэдээллийн хэрэгслээр өдөр болгон шахуу аль нэг газар алан хядагчид энгийн хүмүүсийг буудаж, дэлбэлсэн тухай мэдээ сонсож байгаа хэдий ч хүмүүс дэлхийн III дайн эхэлсэн, эхлээгүй гэдэг дээр маргасаар байна.

 

2000 оноос хойш алан хядлагад амиа алдагсдын тоо тав дахин нэмэгдсэнийг Глобал терроризм индексийн судалгаа харуулжээ. Алан хядлага хамгийн их гарсан таван орны тоонд Афганистан, Пакистан, Сири, Ирак болон Нигери орж байна. Алан хядагчдын гарт амиа алдсан хүмүүсийн 82 хувь нь эдгээр орнуудад амиа алджээ. Өнгөрсөн хугацаанд гарсан алан хядлагын 66 хувийг дэлхийн хамгийн аюултай алан хядагч байгууллагууд болох ИУ бүлэглэл (ISIS), Боко Харам, Талибан хөдөлгөөн болон Аль-Кайдагийн бүлэглэлүүд үйлдсэн байна.

 

Их Британийн Гадаад харилцааны яам саяхан халдлага гарах өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтыг гаргасан юм. Халдлага гарах өндөр эрсдэлтэй 30 орны тоонд жуулчдын очих дуртай Испани, Туркээс гадна дайн, самууны хөлд нэрвэгдсэн Ливи, Пакистан, Сомали зэрэг орнууд багтжээ. Буутай этгээдүүд энгийн номхон 129 хүнийг хөнөөсөн халдлага Парист гарснаас хойш Франц улс халдлага гарах эрсдэл хамгийн өндөртэй улс орнуудын нэгдүгээрт бичигдсэн байна. Аравдугаар сард 224 зорчигчтой Оросын онгоц сүйдсэн Египет болзошгүй эрсдэлээр Францын дараа бичигдэж байгаа юм. Ослын шалтгааныг тогтоох мөрдлөг үргэлжилж байгаа боловч агаарын тээврийн болон аюулаас хамгаалахын шинжээчид онгоцонд бөмбөг тавьсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа билээ. Өнгөрсөн зун Их Британийн 30 иргэнийг хөнөөсөн халдлага гарсан Тунисыг Индонези, ОХУ, Мьянмар, Кени, Филиппин, Колумб, Турк, Тайланд, Австрали, Бельги зэрэг халдлага гарах эрсдэл хамгийн ихтэй орнуудын жагсаалтад оруулсан байна.

 

Дээрх жагсаалтанд Ойрхи Дорнодын ихэнх орон Ирак, Саудын Араб, Йемен, Сири, Ливан, Израйль болон Афганистан багтсан нь гайхах зүйл биш юм. Харин халдлага гарах эрсдэл бага орнуудын тоонд Исланд, Болив, Эквадор, Польш, Чех, Швейцари, Унгар, Вьетнам болон Японыг нэрлэсэн байна. 2014 онд ИУ бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхижсэнээс хойш амиа золиослон бөмбөг дэлбэлэгчдийн халдлага хаа сайгүй гарах болж, ийм халдлага өнгөрсөн онуудынхаас 94 хувиар өссөн гэдэг судалгаа гарчээ.

 

Сүүлд АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотод жихадист нөхрийнхөө хамт 14 хүнийг буудаж хөнөөсөн алан хядагч эмэгтэй халдлагын өмнө Facebook хуудсандаа Ирак, Сири дэх ИУ-д үнэнч хэмээн тангараг өргөсөн байжээ.

 

Эхнэр нөхөр хоёрыг ИУ бүлэглэлтэй холбоотойг нотолж чадаагүй ч дээрх халдлага нь Барууныг үзэн ядагч алан хядагч жихадистуудын заавраар үйлдсэн нь тодорхой болжээ. ИУ бүлэглэл лалын шашинтнуудын залбирлын сүм, зочид буудал, хөл хөдөлгөөнтэй гудамж төдийгүй Барууны орноос өөр улс оронд  халдлага үйлддэг. Ирак, Сириэс гадна бусад улс орнуудад гарсан халдлагын улмаас амиа алдсан хүний тоо өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 1000 хол давжээ.

 

Ирак, Сирид төвлөрсөн ИУ 2014 оны зургадугаар сард Исламын Улс, Халифат хэмээн өөрийгөө тунхагласнаас хойш нөлөөгөө тэлж, улам хүчирхэгжсээр байна.

 

ИУ-ын гол тактик нь Ирак, Сирид халдлага үйлдэж, бүс нутгийн зөрчил мөргөлдөөнийг хурцатгах, жихадист бүлэглэлүүдийг холбож, Ойрхи Дорнод болон Хойд Африк дахь үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, ИУ-д үнэнч хүмүүсийг элсүүлж, Барууны ертөнцөд халдлага үйлдэхэд нь дэмжих, зохион байгуулахад чиглэж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!