ЭМЯ: Коронавирусийн халдварийн талаарх цаг үеийн мэдээлэл хүргэх гэж байна.
Posted by News.mn on Wednesday, May 20, 2020
ЭМЯ-наас Covid-19 цар тахалтай холбоотой асуудлаар өнөөдөр /2020.5.21/ ээлжит мэдээллээ хийлээ.
24 цагт 4000 хүн нас барлаа
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Covid-19 халдвар дэлхийн 216 улс орон, нутагт дэвсгэрт бүртгэгдэж, 5.79 сая хүн өвчилж, 329 мянган хүн нас барлаа. Бид тавдугаар сарын 9-нд дөрвөн сая хүн уг халдвараар өвдлөө гэж ярьж байсан. Одоогоор хоёр сая хүн эдгэрч, 2.7 сая хүн эмчилгээ хийлгэж байна. Эдгээрийн 45 мянган хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий дахинд 96 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна. Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчтэй тархаж байна. Түүний нэг нь ОХУ. Тухайлбал ОХУ-д өнгөрсөн 24 цагийн дотор 8764 хүн шинээр халдвар авсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1962 хүн ажиглалтад байна. Чихрийн шижин, даралттай 280 гаруй хүнд 40 эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Шуурхай дуудлагын утсаар гаднын улсаар монгол иргэд холбогдон зөвлөгөө мэдээлэл авч байна.
ОХУ-д халдвар гурван хувиар нэмэгдлээ
ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:
-Энэ сарын 18, 19-нд ДЭМБ-ын 73 дугаар чуулган болж, үр дүнтэй өндөрлөлөө. Дэлхийн 130 орны төлөөлөгч оролцсон чуулганаар дөрвөн чухал зүйлийг баталсан. Нэгдүгээрт, зайлшгүй шаардлагатай технологийн хангамж, хүртээмжийг тэгш хуваарилах, хоёрт оюуны өмчийн хууль дүрмийг дагаж мөрдөх, цар тахлын үед вакциныг тусгай ангилалд оруулах, мөн хувийн хэвшил, Засгийн газар судалгааг дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн.
Сүүлийн 24 цагийн байдлаар халдвар ОХУ-д гурав, Бразилд тав, АНУ, Их Британид нэг хувиар нэмэгдлээ. Харин нас баралт ОХУ-д нэг хувь, Германд 4.5, Бразилд зургаа, Италид 14 хувьтай байна.
АНУ-д 24 цагт 1300 хүн нас барлаа
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:
-Халдварын тоогоор дэлхийд АНУ, ОХУ, Бразил тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д сүүлийн 24 цагт 23 мянга гаруй шинэ тохиолдол 1300 нас баралт бүртгэгдлээ. ОХУ-д нийт 308 мянга гаруй тохиолдол батлагдаад байна. Энэ сарын 2-ноос хойш ОХУ-д шинэ халдвар тасралтгүй өсч хоногт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногоос тогтворжих хандлагатай байна. Бразильд 20 мянган тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 291 мянгад хүрсэн. БНХАУ-д Лхагва гаригт хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол нэг нь дотоодоос халдвар авсан байжээ.
109 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, мөн Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр /2020.5.20/ 109 шинжилгээ хийхэд бүгдээс нь вирус илрээгүй. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан зургаа, Дорноговь аймгийн Ханги боомтоор нэвтэрсэн 57 жолооч, түүврийн аргаар авсан 17 иргэний шинжилгээ багтаж байгаа. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочоос шинжилгээ авахад шинэ коронавирус илрээгүй. Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 26 нь эмчлэгдсэн. Одоогоор ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээнд байна. Тэдний 88 нь хөнгөн, 26 хүн хүндэвтэр байгаа. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс гадна ХӨСҮТ-д 67 хүн ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-нд эмнэлгээс гарна.
ЭМЯ: Хүүхэд бөөлжиж, суулгавал эмнэлэгт ханд
Covid-19-ийн халдвартай холбоотойгоор хүүхдүүдэд хордлого шокын хам шинж бүхий олон эрхтэн тогтолцооны хүндрэл бүртгэгдэж байгаа аж. Тухайлбал, Италид энэ хам шинжийн тохиолдол 2020 оны эхний дөрвөн сард 30 дахин нэмэгдсэн байна. Харин АНУ-ын 14 гаруй мужид 200 гаруй тохиолдол, гурван нас баралт, Франц, Их Британид 230 гаруй тохиолдол, нас баралт хоёр бүртгэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг хам шинжийн тохиолдлын тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан байна. Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж хүүхдүүдэд тохиолдож, гол төлөв хүндэрч, сэхээ, эрчимт эмчилгээнд орж байгаа юм байна. Тиймээс ДЭМБ гишүүн орон бүрт энэ өвчний талаар анхааруулга хүргэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас эцэг, эхчүүдэд зориулан зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжид дараах зүйлс багтжээ.
Хүүхэд гурваас дээш хоног халуурах
Хүүхдийн бие дээр тууралт гарах
Нүд идээт бус байдлаар өвдөх
Унтамхай болж, сэрж чадахгүй байх
Бөөлжих, суулгах, гэдсээр өвдөх
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ