Монгол Улс хар, саарал жагсаалтаас гарч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Монгол Улс хар, саарал жагсаалтаас гарч чадах уу?

Монгол Улс хар, саарал жагсаалтаас гарч чадах уу?

Монгол Улсын эдийн засагт Covid-19 цар тахлаас гадна FATF-ийн саарал жагсаалт, Европын холбооны хар жагсаалт том сорилт болж байна. Харин төв банкны мэдээллээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах зорилгоор даалгаврынхаа 50 хувийг биелүүлж, хангалттай үнэлгээ авсаныг зарласан. Одоо гурван ажил үлдсэн. Тэрхүү гурван ажлаа тавдугаар сарын 11-ний өдөр танилцуулж, тайлангаа хамгаалсан. FATF-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Хурлын үр дүн урьдчилсан байдлаар тавдугаар сарын 28-нд гарч, FATF-ын албан ёсны хариу зургадугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа гэсэн мэдээллийг олон нийтэд өгч буй.

Өөрөөр хэлбэл, сарын дараа Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны хар жагсаалтаас мөн адил гарах нөхцөл бүрдэх юм. Гэхдээ Европын холбооны зүгээс Монгол Улсыг хар жагсаалтдаа оруулсан нэгэн том шалтгаан нь эцсийн өмчлөгчдийн мэдээллийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй ба мэдээлэх эрх зүйн орчин нь хангалтгүй байсантай холбоотой. Мөн FATF-ын  зүгээс Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан нэг шалтгаан нь үнэт чулууны олборлолтыг хянах чадавхи сул байгаа нь өнөөдөр биднийг олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй орны тоонд оруулаад байгаа билээ.

Мөн зохион байгуулалттай гэмт хэргийн шийдвэрлэлт. Үүнд Монголын дипломатчид Европын холбооны гишүүн улс орны нутаг дэвсгэр дээр хар тамхи тээвэрлэж буй нь ил болсон нь олон улсын анхаарлыг татаад буй.

Монгол Улсын хувьд хар, саарал жагсаалт шинэ биш аж. Учир нь, 2004 онд Ази, номхон далайн хамтарсан бүлэгт гишүүнээр орсон хэдий ч  хар жагсаалтад хэд, хэдэн удаа орж байсан бөгөөд 2016 онд анх удаа Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн.  

Энэхүү үнэлгээний дүгнэлтээр, Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийн хамгийн өндөр эрсдэлтэй гэмт хэргээр залилан, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх болон авлигын гэмт хэргийн төрлүүд эхний дөрөвт багтсан байна. Мөн тухайн үед хар тамхи, хүний наймааны гэмт хэрэг, үл хөдлөх хөрөнгийн салбар, санхүүгийн систем дэх эцсийн өмчлөгчийг ил тод зарлах, гаалиар хяналтгүй орж ирж буй бэлэн мөнгө, хилээр хууль бусаар гарч буй үнэт эдлэл, алтанд тавих хяналтаа сайжруулахыг анхааруулж байв.

Мөн хууль хяналтын байгууллагад шалгагдсан авлига, албан тушаалын гэмт хэргийн хөрөнгө, ашиг, орлогыг нуун далдлах үйл ажиллагаанд гэмт этгээд өөрийн ах, дүү, хамаатан садан, ойрын төрлийн аливаа хүмүүс, найз нөхөд, танил тал, хүүхэд хүртэл ашиглаж байгаа нь тогтоогдож байжээ.

Тус эрсдэлийн үнэлгээнд дурдсанаар, 2010-2015 оны хооронд дотоодод үйлдэгдсэн шунахайн сэдэлтэй буюу материаллаг хохиролтой гэмт хэргийн төрлүүдээс хулгайн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа (65%) хэдий ч учруулсан хохирлын хэмжээгээрээ залилан (35%), битүүмжлэгдсэн хөрөнгийн хэмжээгээр төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулах (17%), хураагдсан хөрөнгийн хэмжээгээрээ банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргүүд бусад гэмт хэргээс илүү байгаа нь тогтоогдож байжээ.

Харамсалтай нь, олон улсын анхааруулга, эрсдэлийн үнэлгээ байсаар байтал тэртээ 2016 оны үзүүлэл, анхааруулгыг үл тоосон уу өнөөдөр саарал, хар жагсаалтад орчихоод байгаагийн гол асуудал нь өнөөх л авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаатай холбон тайлбарлаж буй. Тухайлбал, Монгол Улсын авлигын индекс сүүлийн таван жилийн хугацаанд 40-оос доош оноог авч байгаа нь том асуудал гэдгийг олон улсын байгууллагуудаас дүгнэж байгаа билээ. Иймээс хууль эрхзүйн орчинд дорвитой шинэчлэл хийж, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг олон нийтэд ил тод зарлах, хяналтгүй мөнгө, үнэт эдлэлд тавих хяналтаа сайжруулах, гэмт хэрэг үйлдэгчдэд шийтгэл ногдуулах нь чухал болоод байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж