Хувийн компаниуд пуужин, сансрын хиймэл дагуул болон бусад тоног төхөөрөмжийг хөөргөх ажилд Засгийн газартай хамтрах болсноор зардал буурч байна. Үүний ачаар пуужингийн хөдөлгүүрт зориулан хүчилтөрөгч, нарны зайн хураагуурын хавтан үйлдвэрлэхэд ашигладаг силикон гэх мэт түүхий эд олборлох, дэлхийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх төсөл зэргээр сансрын сонирхол нэмэгджээ. Гэхдээ үүнээс хэн ашиг хүртэх нь тодорхойгүй, мөн дүрэм журам зохицуулалт алга. Тухайлбал, “SpaceX” зэрэг АНУ-ын компани Ангараг гаригийг колоничилж, саран дээр баазаа байгуулав. Одоогоор аль нэг компани эсвэл үндэстэн сансар дахь хувийн өмчөөр давуу тал олох эсвэл эзэмшлээ зарлахад хараахан бэлэн биш байна. Гэхдээ АНУ-ын сансар судлалын салбарт 350 тэрбум ам.доллар эргэлдэж байгаа нь нөхцөл байдлыг хурдан өөрчлөх боломжтой. АНУ-ын хэд хэдэн компани саран дээр ус, Гели-3 гэх мэт цөмийн реакторт ашиглах боломжтой элементүүд, цахилгаан барааны үйлдвэрлэлд хэрэглэгдэх газрын ховор металлыг олборлон дэлхий рүү хэрхэн хурдан илгээх талаар төлөвлөгөөг боловсруулжээ.
Үүн дээр зар сурталчилгааны ашиг сонирхол нэмэгдсэнээр, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эдгээр компаниуд хэрхэн сар, бусад гариг, солир дээр үйл ажиллагаа явуулан ашиг олох талаар шинэ дүрэм журмыг бий болгожээ. Эдгээр шинэ дүрэм журам нь АНУ-ын удаан хугацаанд даган мөрдөж ирсэн олон улсын гэрээ хэлцлүүдийг зөрчиж байна. Түүнчлэн Трампын захиргаа сансрын олборлолтод санаархаж буй АНУ-ын алсын харааг бусад улс орнууд нэвтрүүлэхэд тусалж, дэмжихээр төлөвлөжээ. Сансрын хууль, дүрэм журмын тухайд олон улс Антарктид болон далайн гүний олборлолтод хэрхэн зохицож, хамтран ажиллаж буй жишгээр эв найрамдалтай ажиллах шинэ арга замыг олно гэж найдаж байна.
Хэн сансрыг эзэмшдэг вэ?
Ерөнхийдөө, Антарктид, агаар мандал, далай тэнгисийг аль нэг улс дангаар эзэмших бус олон улсын нийгэмлэг, олон улсад харилцан хуваах эх үүсвэр гэж үздэг. Энэ зарчим сансарт үйлчилсээр ирсэн ч Дональд Трамп энэ санааг үгүйсгэжээ. Улмаар НҮБ гэх мэт олон улсын байгууллагаар дамжуулан олон улс эдгээр эх үүсвэрийг хамтран эзэмших сонирхлыг бууруулсан дохио болов. Энэ шалтгаанаар АНУ нь 1982 онд багтлагдаж, 1994 онд хэрэгжиж эхэлсэн далай тэнгисийн хуулийн НҮБ-ын конвенцыг сонирхон батлаагүй юм. Үүнтэй ижил нөхцөл байдал саран дээр үүсэх нь.
Сарны гэрээ ба олон улсын сансрын хууль
Сүүлийн 60 орчим жилд АНУ нь сансрын бодлогоо хэрэгжүүлэх олон төрлийн арга замыг эрэлхийлж иржээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди саран дээр газардах Аполло хөтөлбөрийг супер хүчнүүдийн хооронд энхийг дэмжих зорилгоор ЗХУ-тай хамтран хэрэгжүүлж байв. АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Жонсоны захиргаа сансрыг дундын бүс хэмээн үзэж, 1967 онд Гадаад сансрын гэрээг байгуулсан ба үүнд сансар бол бүх хүн төрөлхтний муж гэж заажээ. Гэхдээ энэ гэрээнд саран дээр олборлолт явуулах талаар ганц үг, үсэг байхгүй. Иймээс 1969 онд АНУ нь анх удаа саран дээр газардахад олон улсын байгууллагууд дүрэм журам батлахыг шаарджээ. Улмаар НҮБ-аас Сарны гэрээг зарлаж, сар бол хүн төрөлхтний нийтлэг өв бөгөөд түүн дээрх эх үүсвэрийг олон улс хуваан эзэмшинэ гэж заажээ. Гэсэн ч АНУ-ын сансрын колоничлолын ашиг сонирхолтой ашгийн бус байгууллагаас тус гэрээг хувийн хөрөнгө оруулалтыг бууруулна гэж эсэргүүцжээ. Улмаар уг гэрээг АНУ-ын Сенат батлахаар татгалзсан байна. Сарны гэрээг ердөө 18 орон соёрхон баталсан нь Мексик, Австрали зэрэг сансарт сонирхол багатай орнууд байв.
Сансраас ашиг олох нь
АНУ нь 2015 онд баталсан Сансрын хуулиар хувийн компаниудыг ашиг олох зорилгоор сорил дээр ховор материалын олборлолт явуулахыг эрхийг олгожээ. Энэ нь 1967 оны Гадаад сансрын гэрээтэй нь зөрчилдөж байна. Үүнээс хойш улстөрчид сансрын олборлолтод саад болж буй хуулийн саадыг үгүй хийхээр ажиллаж эхэлжээ. Тухайлбал, 2017 онд АНУ-ын Бүгд найрамдах намын улстөрч сансрыг бүх нийтийн гэж үзэхийг эсэргүүцсэн хуулийн төслийг боловсруулсан ч парламентад унасан аж. Гэвч энэ хуулийн төсөл 2019 онд дахин Төлөөлөгчдийн танхимд танилцуулагдаж, хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.
Сансрын шинэ өрсөлдөөн
Сансрын эх үүсвэрт хувийн эзэмшлийг хүлээн зөвшөөрснөөр хөгжингүй орнуудын баян компаниудын дунд сансрын шинэ өрсөлдөөнийг бий болгох магадлалтай. Улмаар саран дээрх мөс зэрэг чухал эх үүсвэрийг аль нэг хувийн компани эзэмшилдээ авч болно. Энэ нь цаашлаад АНУ, ОХУ зэрэг орнууд өөрсдийн сансар дахь хөрөнгө, эзэмшлээ хамгаалах зорилгоор зэвсгийн өрсөлдөөнийг өдөөнө.