Чихрийн шижингийн шалтгаант хөлний шарх гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Чихрийн шижингийн шалтгаант хөлний шарх гэж юу вэ?

Чихрийн шижингийн шалтгаант хөлний шарх гэж юу вэ?

Чихрийн шижингийн хөлний шарх нь чихрийн шижингийн үед нийтлэг тохиолддог хүндрэл юм. Ихэвчлэн хөлийн эрхий хуруу болон өлмийн доор үүсдэг.

Чихрийн шижинтэй хүн бүрт хөлний өвдөлт болон шарх үүсэх эрсдэлтэй бөгөөд хөлөө сайн арчилснаар урьдчилан сэргийлэх боломжтой. Хөлний шархны эмчилгээ нь үүссэн шалтгаанаасаа хамаарч ондоо байдаг тул таны хөлөнд ямар нэгэн өвдөлт, зовиур байгаа бол та эмчид хандана уу. Эс бөгөөс шарханд халдвар орсноор хөлөө тайруулахад ч хүрч болох юм.

Шинж тэмдэг ба оношлогоо

Хамгийн эхний шинж тэмдгүүдийн нэг нь таны хөлнөөс хэвийн бус шүүдэс гарч оймс болон гутлыг бохирдуулах байж болно. Хэвийн бус хавагналт, улайлт, тухгүй байдал, үнэр гарах зэрэг нь мөн эрт үеийн нийтлэг шинж тэмдэг болно.

Хүнд хэлбэрийн хөлний шархны хамгийн илэрхий шинж тэмдэг бол шархыг тойрон харласан эд үүсэх юм. Энэ нь шархыг тойрсон эдэд хангалттай цусан хангамж байхгүй байгаагаас үүснэ. Шархыг тойрон хэсэгчилсэн эсвэл тархмал үхжил үүсэх нь шарханд халдвар үүссэнээс шалтгаална. Энэ тохиолдолд үнэртэй шүүрэл, өвдөлт болон мэдээ алдалт үүсэж болно.

Зарим тохиолдолд хөлний шарх нь танихад маш хэцүү бөгөөд халдвар авах хүртлээ ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхгүй байж болдог. Хэрэв арьсны өнгө хувирах /ялангуяа харлах/ эсвэл эвэршсэн эмзэгшсэн хэсэгт өвдөлт мэдрэх юм бол та эмчдээ хандаарай. Эмч таны хөлний шархыг хүндрэлийнх нь байдлаас шалтгаалан дараах ангилалд үнэлнэ.

  • шарх үүсээгүй боловч шарх үүсэх эрсдэлд орсон
  • шарх үүссэн, халдваргүй
  • гүнзгий шарх, үе болон шөрмөс өртсөн
  • халдвар авсан том хэмжээний шарх, буглаа

Чихрийн шижингийн шалтгаант хөлний шархны эмчилгээ

Хөл дээрээ гишгэхгүй байж шарх болон өвдөлтөөс сэргийлэхийг даралтгүйжүүлэх гэх бөгөөд энэ нь бүх төрлийн хөлний шархны үед үр дүнтэй. Алхалтаас үүсэх даралт нь халдварыг хүндрүүлж шархыг томруулдаг.

Хөлний хамгаалах хэрэгслүүдийг эмчийн зааврын дагуу зүүж хэрэглэх:

  • Тусгай чихрийн шижингийн гутал
  • Гипс
  • Хөлний чиг
  • Даралтат боолтууд
  • Тусгай улавчууд

Хөлний шарх халдвар авахаас сэргийлэх аргууд:

  • Хөлөө сайтар угаах
  • Шархны эргэн тойрны арьсыг ариутгах
  • Шархны боолтыг тогтмол сольж шархыг хуурай байлгах
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй тусгай боолт хэрэглэх

Эмийн эмчилгээ

Хөлний шарх халдвар авах нь маш ноцтой хүндрэл бөгөөд яаралтай эмчлэх шаардлагатай. Бүх халдварыг нэг аргаар эмчилдэггүй тул таны шархнаас дээж авч тусгайлан эмчлэх эмийг нь тодорхойлж болно. Хэрэв эмч тань таны шархны халдварыг ноцтой гэж үзвэл нэмэлтээр рентген зураг авхуулж халдвар ясанд хүрсэн эсэхийг шалгаж болно.

Танай эмч антибиотик, цус шингэлэх, бүлэгнэлт бууруулах эмчилгээг үндсэн шархны эмчилгээнд нэмэлтээр хийж болно.

Мэс заслын эмчилгээ

Хэрэв өөр ямар ч эмчилгээ шархны эдгэрэлт болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй бол шархыг цааш хүндэрч тайралтанд хүрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслын арга хэрэглэх шаардлагатай байж болно. Эмч таны хөлний шархны үхэжсэн эд, гадны биет болон халдварт өртсөн хэсгийг мэс заслын аргаар цэвэрлэж зайлуулах эмчилгээг хийж болно.

Шарх эдгээх биотехнологийн тариа эмчилгээ

Таны шархыг цэвэрлэн, халдвар болон үхэжсэн эд эсийг зайлуулсаны дараа Чихрийн шижингийн хөлний шархны эдгэрэлтийг түргэсгэх Хеберпрот П тариаг хийж болно. Энэхүү эмчилгээ нь биотехнологийн аргаар гаргаж авсан Куба улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн 33 оронд хэрэглэж байна. Судалгааны үр дүнд энэхүү эмчилгээ нь хөлний шархыг эдгээж хөл тайруулах эрсдлийг 70%-р бууруулдаг болох нь тогтоогдсон. Тухайн тариа нь чихрийн шижингийн үед эд эсэд дутагдалтай байдаг хүний эпидермийн өсөлтийн факторыг шууд шарханд нөхөж өгснөөр архаг явцтай эдгэхгүй байгаа шархыг богино хугацаанд эдгээж цаашид үүсэх хүндрэл, хөл тайралтаас урьдчилан сэргийлдэг. Та тариа эмчилгээний явцад эмчийн зааврыг ягштал дагах нь эмчилгээний үр дүн хурдан гарах, үр дүн өндөр байх магадлалыг нэмэгдүүлдэг гэдгийг анхаараарай.


Хэрэв эрт оношлох юм бол хөлний шарх нь бүрэн эмчлэгдэх боломжтой. Хэрэв ямар нэгэн хэмжээгээр шархлаа үүссэн бол яаралтай эмчид хандахгүй бол хугацаа алдах тусам халдвар орох хүндрэх магадлал нь ихэсдэг. Эмчлэх боломжгүй халдварууд нь тайралт хийлгэхэд хүргэх өндөр магадлалтай.

Эмчилгээ хийлгэж байгаа үедээ та хөл дээрээ явалгүй эмчилгээний төлөвлөгөөг сайтар дагаарай. Чихрийн шижингийн хөлний шархны эмчилгээ нь олон долоо хоногийн турш үргэлжилж болдог. Хэрэв таны цусан дахь сахарын хэмжээ өндөр, хөлөнд учрах даралт их байгаа тохиолдолд шарх хамаагүй удаан эдгэнэ. Хоолны дэглэмээ сайн баримталж, хөлөнд учрах даралтыг бууруулах нь хөлний шархаа эдгээхэд үзүүлж буй хамгийн үр дүнтэй дэмжлэг юм. Шарх эдгэсний дараа урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах нь шарх дахихаас сэргийлэх ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж