Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар Даваа гаригт мэдээлсэн. Энэ дагуу ОХУ-аас ирэх өдрүүдэд оюутнуудаа татан авах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ирэх Даваа гаригт буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам тавдугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа аж.
Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм.
Монгол Улсад нэгдүгээр сарын 26-наас хойш 130 гаруй мянган иргэн орж ирсэн. Үүнээс 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан бөгөөд 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомт, Турк, Энэтхэгээс нийтдээ 1070 хүнийг татан авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10 мянга 761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ.
Холбоотой мэдээ