“Бид ийм гайхамшигт хувь тавилантай байжээ”

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

“Бид ийм гайхамшигт хувь тавилантай байжээ”

“Бид ийм гайхамшигт хувь тавилантай байжээ”

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий дуучин Ц.Сарнай нар өнгөрөгч дөрөвдүгээр сард эх орондоо ирсэн. Тэд БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, Монголдоо  үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна. Ингээд гэргий Ц.Сарнайтай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлээрээ маш том давааг давж, эх орондоо ирлээ. Сайн явж ирэв үү?

Та бүхэнд баярлалаа. Бид сайн явж ирлээ. Амьдрал үргэлж их, бага хэмжээгээр хүнийг сорьж байдаг. Энэ удаагийн даваа үнэхээр том даваа байлаа. Гэр бүлийнхэн, гурван сайхан үрс, олон сайхан хүмүүсийн хайраар бид амжилттай давж чадлаа. Хайр гэж агуу юм.

-Одоо биеийнх нь байдал ямар байна вэ. Биес нь сайн уу?

-Эх нутагтаа эрүүл саруул болоод эргээд ирэх үнэхээр сайхан байна. Биесүүд сайн байна. Одоо Хавдар судлалын үндэсний төвийн элэгний өвчин судлалын багийнхан болон БНСУ-ын эмчийнхээ хяналтад байгаа.

-Тусгай үүргийн онгоцоор урт замыг туулахад амаргүй байсан биз. Замдаа хэр ядрав?

-Замдаа жаахан түгшиж л явлаа. Дэлхий даяар цар тахал тархаад буй энэ үед гэр бүлээрээ холын замд явах амаргүй байсан. Гэвч эх орондоо ирж байгаа гэж бодохоор бүгдийг тэвчиж, ойртох тусам сэтгэл улам л догдолж суулаа.

Эх орондоо ирээд Жаргалантын аман дахь сувилалд тусгаарлагдсан. Хамт олон нь үйлчилгээ болон харилцаа сайтай, хоол үндаа хийхдээ ч сэтгэлээсээ ханддаг. Мөн бүх зүйлд өндөр хариуцлагатай байгаад нь гэр бүлийнхээ өмнөөс их талархаж байна. Өдөртөө хоёр удаа биеийн халууныг хэмжинэ, ариун цэврийг чанд сахина, амин дэм ихтэй, тос өөхгүй эрүүл хоол хүнсээр хүмүүстээ үйлчилж байсан.

-Хань нь хэзээнээс энэ аюулт өвчнөөр шаналах болсон бэ?

-Хань минь бүр цэцэрлэгт байхдаа элэгний вирус авснаар элэг нь гэмтэж эхэлсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд байнга л эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байдаг байсан. Гэвч олон жилийн уртад өөрчлөлтүүд гарсаар байсан юм.

-Таны хувьд ханийнхаа донор болсон. Ийм тохиолдол ч ховор байх. Магадгүй энэ бүхэн хосын хайрын хүч юм болов уу?

-Мэдээж гурван сайхан үрээ орхиод аав, ээж нь хоёулаа том хагалгаанд орно гэхээр гэр бүлийнхэн маань ч битүүхэндээ сэтгэл нь зовниж л байсан. Бид хоёр ийм сонин гайхамшигт хувь тавилантай байжээ. Энэ бол хувь тавилан, агуу хайр, итгэл, хүсэл, тэмүүлэл, тэвчээр хатуужил, хариуцлага гээд их л олон зүйл хэлмээр байна.

-Таныхаар хайр гэж юу вэ?

-Хайр гэж их агуу юм. Амьдралын гол утга учир юм уу даа. Энэ ертөнцөд бүхий л амьтай зүйл хайраар тэжээгдэж, хайраар өнгөлөгдөж, амьдарч, сэхэж босч байдаг. Хүн гэдэг бие биедээ хайраа шингээсэн үг, үйлдэл хийх бүрт урам зориг, итгэл, эрч хүчийг авч байдаг. Хайр бол тийм л хүчтэй зүйл.

-Та өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хувь заяагаа шийдэх том сорилтынхоо өмнө гар гараан барилцан хоёр биендээ аз хүсч, бие биенээ зоригжуулж амжаад л биднийг хоёр тийшээ салган авч явсан” тухайгаа нийтэлсэн байсан. Хэн хэн нь нууцхан айдастай байсан байх?

-Амьдралд минь тохиосон хүндхэн мөчүүдийн нэг байсан. Ер нь маш зоригтой байсан. Сэтгэлээ сайн бэлдсэн болоод л тэгсэн байх. Бид алтан гартай, ариун сэтгэлтэй эмч нартаа бүрэн итгэж, энэ бүгдийнхээ ард амжилттай давж гарлаа. Миний хувьд хагалгаанд орохын өмнө “Хайрт минь олон жилийн зовлонгоосоо салж эрүүл сайхан элэгтэй болно. Алаг үрсүүдтэйгээ мөдхөн инээгээд уулзана даа” гэж бодоод л орсон доо. Бүх л зүйлийг их сайхнаар төсөөлж байсан.

-Та хоёр хуримаа хийх үү?

-Бид АНУ-д амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулж, гэр бүл, найз нөхдийн хүрээндээ даруухан хуримаа хийсэн.

-Ойр дотны хүмүүс тусалж дэмжихээс гадна Гавьяат эмч Ж.Чинбүрэн БНСУ-д очиж, хагалгаанд нь оролцсон гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Тийм. Бидэнд олон сайхан хүмүүс тусалсан. Ж.Чинбүрэн эмч маань хагалгааны өмнөх өдөр ирэхэд үнэхээр сэтгэл маань нэг  их сайхан тайвшираад бид хязгааргүй их баярласан. Их ажлынхаа хажуугаар амьдралын минь тэр эгзэгтэй мөчид биднийг гээд хамт байлцахаар ирсэн нь үнэхээр түүний агуу сэтгэл юм. Тандаа үргэлж талархаж явах болно.

-Ард түмэндээ хандан сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу?

-Бид үнэхээр олон түмний сайхан сэтгэл, нэгнээ хайрлах хайр ямар агуу юм гэдгийг мэдэрлээ. Энэ цаг хугацаанд хайртай уран бүтээлчээ аварч үлдэн, эргэж тайзнаа ирж давтагдашгүй сайхан хөгжмөө эгшиглүүлээсэй гэж чинь сэтгэлээсээ хүссэн хайрт ард түмэндээ мэхийн ёслоё. Чинбаа маань биеэ сайхан тэнхрүүлээд тун удахгүй та нартайгаа гайхамшигт хөгжмөөрөө бэлэг барин уулзах болно.

Мөн энэ дашрамд, бидэнд өнгөрсөн хугацаанд гүн туслалцаа үзүүлж сэтгэл зүрхээ зориулж байсан хүндэт ах н.Наранхүү, “Никитон” хамтлагийнхан Монгол дахь БНСУ-ын консулын газрын дарга нартаа гэр бүлийнхээ өмнөөс чинь сэтгэлээсээ талархаж байна. Ханийг минь олон жилийн турш эмчлэн сувилж байсан “Гранд мед” эмнэлгийн эмч нартаа талархаж байна. Чин зүрхнээсээ баярлалаа.

-Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт их болсныг мэргэжилтнүүд хэлж байгаа. Үлгэр дууриалал болсон хосын хувьд залуу хосуудад хандан юу гэж захих вэ?

-Хүн бүр л өөрийн туулсан амьдрал, туршлага дээрээ тулгуурлан алдаа онооноосоо дахин суралцаж амьдардаг. Бидний хувьд багаасаа бие биенээ олж, таньж мэдэлцэж, нилээдгүй хугацааг хамт аялж, хамт дуулж, хөгжимдөж, амьдралынхаа бүх л мартагдашгүй цаг мөчүүдийг хамт туулж байна.

Амьдралаа зохиох гэж байгаа хос маань эхлээд бие биенээ сайн таньж мэдэж, эхнээсээ нээлттэй ярилцаж, ойлголцдог байгаасай. Хүсэл сонирхлыг нь мэдэрч, хүндэлдэг байгаарай. Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болно гэдэг амьдралын тань том алхам учир сайн бодож сонголтоо хийгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
132
ТэнэглэлТэнэглэл
47
ХөөрхөнХөөрхөн
28
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж