Н.Алтанхундага: Халдвар авалгүй эх орондоо ирэхийг зорьсон

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Н.Алтанхундага: Халдвар авалгүй эх орондоо ирэхийг зорьсон

Н.Алтанхундага: Халдвар авалгүй эх орондоо ирэхийг зорьсон

ОХУ-аас ирсэн Монгол Улсын зарим иргэн хилээр нэвтрэх үеэр Covid-19-ийн халдвар авсан гэж үзэж байна. Тэдний нэг болох Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр Алтанбулагийн боомтоор дамжин тавдугаар сарын 14-нд Монголд орж ирсэн юм. Тухайн өдөр Алтанбулагийн боомтоор 200 орчим иргэн орж ирсний 37-гоос нь Covid-19 вирусийн халдвар илэрсэн билээ.

Энэ асуудалтай холбоотойгоор тодруулахад, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр /2020.05.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээБид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй. Гэвч нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн Монголд ирээд коронавирус авсан гэх мэдээллийг цацсан. Энэ бол хуурамч мэдээлэл.  Тухайн иргэн  ОХУ-ын Улаан-Үд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл зургуулаа түрээслэх байранд амьдарсан байдаг. Тухайн иргэн эх орондоо ирээд тусгаарлагдах хугацаанд коронавирусийн халдвар илэрсэн. Тэрбээр Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн, сөрөг гарсан гэж мэдүүлсэн. Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Халдварын нууц үе дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ тэдэнд тусалж байхдаа халдвар авах эрсдэл өндөр" гэж мэдэгдсэн юм.


-Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон. ОХУ-д хэзээ очсон, ямар ажил хийж байсан талаараа ярихгүй юу?

-Би уламжлалтын эмч мэргэжилтэй. Санкт-Петербург хотын Орос бариа заслын төвд 2017 оноос хойш нуруу заслын эмчилгээ хийж байна.

-Одоо таны биеийн байдал ямар байна вэ. Ямар эмчилгээ хийлгэж байна. Мөн өрөөндөө хэдүүл байна вэ?

-Биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур илрээгүй байна. Өрөөндөө хүүгийнхээ хамт байгаа. Эхний шинжилгээгээр хүү маань вирустэй гэж гарсан. Зовиургүй байгаа ч уушгинд үл ялиг асуудал үүсч байна хэмээн эмчилгээ хийгээд эхэлсэн. Энд эмч нар маш эрт илрүүлээд, хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч маш сайн эмчилгээ хийж байна.  Бас хоол сайтай, эмч ажилчид нь сайхан ааштай юм.

-Халдварыг ОХУ-д байхдаа биш хилээр оруулж ирэх явцад авсан гэж та үзэж байгаа юм билээ. Үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Би Монголд халдвар байна гэж нэг ч удаа хэлээгүй. Хилээр орж ирснээс хойш вагонд ачигдаад тусгаарлах байранд хүрэх замдаа халдвар авсан гэж үзэж байгаа юм. Учир нь, ингэж үзэх олон нөхцөл байна. Эрүүл мэндийн яамнаас хоёр метр зай барихыг зөвлөж байгаа. Гэтэл вагонд 7×4.5 м орчим зайд 40 хүнийг ачаатай нь чихэж суулгасан. Нийт хоёр вагоны дөрвөн хэсэг яг тийм зайд 140 орчим хүн ачаатайгаа сууж явцгаасан. Тэнд битүү орчинд 15 цаг орчим байлгасан. Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын дэглэм буюу зай барих, салхи чөлөөтэй нэвтрүүлэх зэрэг зөвлөмж тэнд хэрэгжээгүй.

-Голомтот бүсээс ирсэн гэдэг утгаараа хилээр орж ирэхээсээ өмнө халдвар авсан байж болно шүү дээ. Халдвараас хамгаалах арга хэмжээг хэр сайн авч байсан бэ. ОХУ-д байхдаа хамгийн сүүлд хэзээ шинжилгээ өгсөн бэ?

-Би наашаа ирэхдээ гэр бүлийн гишүүдийн хамт хамгаалалтын хувцас болон нэг удаагийн амны хаалт, өөрсдийн оёсон маскийг давхарлаж зүүгээд, бээлийгээ өмсөөд хил нэвтэрсэн. Би эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан хүний хувьд, өөрийн хэмжээнд халдвараас сэргийлэхийн тулд сэрэмжилж явсан.

Гуравдугаар сарын 28-ны өдрөөс хойш манай ажил карантилсан. Түүнээс хойш би гэрээсээ гаралгүй, хөл хорионд байж байгаад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Новосибирскээр дамжиж, гэр бүлийн гишүүдтэйгээ нийлсэн зургаан хүний хамтаар Улаан-Үд хотод очсон. Тэнд очоод бид 14 хоногийн турш хаашаа ч гараагүй хөл хорионд байгаад тавдугаар сарын 2-нд биднээс авсан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Дараа нь Улаан-Үдийн Консулын газраас улсынхаа хилээр нэвтрэхийн тулд сүүлийн 2-3 хоногт шинээр хийлгэсэн шинжилгээтэй байх ёстой тухай зарласан. Ингээд тавдугаар сарын 8-ны өдөр шинжилгээ өгч, дахин огт гадагш гаралгүй байж байгаад шинжилгээнийхээ хариуг авсан. Шинжилгээг гэрээр хийлгээд, хариуг нь ч гэртээ хүргүүлж авсан.

Халдвар авалгүйгээр эх орондоо ирэхийг л зорьсон. Би ОХУ-аас яалт ч үгүй халдваргүй ирсэн. Хил нэвтрүүлэхдээ халдвар хамгааллын буруу дэглэм хэрэгжүүлснээс болоод халдвар авсан. Эх орондоо ирэх гэж байгаа олон мянган залуус буруу тээвэрлэлтээс болоод халдвар авчих вий гэдгээс сэрэмжлүүлэх үүднээс энэ талаар яриад байгаа юм.

-ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ таныг халдвартай хүмүүсийг эмчилж байсан гэсэн. Харин та халдвартай хүмүүстэй уулзаагүй гэж хэлсэн боловч тэдэнд эм тан өгч байсан гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Тэнд байгаа өвдсөн оюутнуудад туслахыг хүссэн. Гэхдээ би нэгтэй нь ч уулзаагүй. Цахимаар харилцахад нэг сургуулийн 20 орчим оюутанд халдварын шинж тэмдэг илэрсэн. Ингээд өөр эмчээр дамжуулан оюутнуудад эм хүргүүлсэн. Эмэнд хувиасаа хоёр сая орчим төгрөг зарцуулсан.

-Таны хувьд Монголд ирэхээс аргагүй байсан гэсэн үг үү?

-Миний хувьд жилд нэг удаа нэг сар амардаг. Энэ амралтаа зургадугаар сард аваад Монголдоо очно гэж төлөвлөсөн байсан ч хөл хорионы улмаас эмнэлэг маань дөрөвдүгээр сард карантинлагдсан. Ингээд шууд Монголдоо очихоор болсон юм.

-ОХУ-д одоогоор нөхцөл байдал ямар байна. Энэ хүнд үед тэнд монголчууд хэрхэн амьдарч байгаа бол?

-Нөхцөл байдал хэцүү байгаа. Халдвар аваад хүндэрснийг нь эмчилнэ. Харин хөнгөнийг нь гэрээр эмчлэхийг зөвлөж байгаа. Хэрэв +38 хүртэл халуурсан бол эмнэлэг хүлээж авахгүй. Монгол оюутнууд эх орондоо ирэхийг маш их хүсч байгаа. Хүмүүс хоёр сар орчим ажил төрөлгүй байгаа болохоор хулгай, дээрэм их гарч байгаа.

-Олон улсад хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэрээр эмчлэхийг зөвлөж байгаа. ОХУ-д эм тан, маскны олдоц хэр байна?

-Одоо таван ширхэг маск 8000 төгрөгийн үнэтэй, олдоц нь бас хомс байгаа. Гэсэн ч оюутнууд маань боломжоороо өөрсдийгөө хамгаалж байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
137
ЗөвЗөв
123
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж