Ирээдүйгээ дэнчинд тавин, Герман улс карантины журмаа сулруулав

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Ирээдүйгээ дэнчинд тавин, Герман улс карантины журмаа сулруулав

Ирээдүйгээ дэнчинд тавин, Герман улс карантины журмаа сулруулав

NEWS агентлаг ФЭС-гийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевишийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.


Өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд Германы амьдралд олон эрс өөрчлөлт гарлаа. Гуравдугаар сарын эхэн үед германчууд коронавирусын цар тахал дэлхий даяар тархчихна гэдэгт итгэж ядсаар байлаа. Цар тахалд Герман өртчих юм гэдгийг хэн ч төсөөлж чадахгүй суусансан. Ачааллаа дийлэхээ байсан эмнэлгүүд, гэрээсээ гадуур гарахад хязгаарлалт тогтоох, улс орнууд хилээ хаах зэрэг хатуу арга хэмжээ нь сүүлийн 70 гаруй жилд энх тайван, хангалуун чинээлэг амьдралд дассан нийгмийн төсөөлөн бодох чадвараас давсан хэрэг байсан бололтой.

Гэтэл байдал өөрөөр эргэсэн юм. Цөөхөн хэдэн хоногийн дотор Германд Ковид-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдсэн юм. Гуравдугаар сарын 1-нд   халдвар авсан хүний тоо 140 байсан бол гуравдугаар сарын 15-нд 5780, 29-нд 62.372 болж огцом өссөн юм. Эхний үед мэргэжилтнүүд, улстөрчдийн уриалга төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Ямар гээчийн том заналхийлэл гэтэж байгааг ард иргэд сайн ойлгохгүй байлаа. Бүгд л тухайн үеийг хүртэл яаж амьдарч ирсэн, урьдын тэр хэмнэлээрээ амьдарсаар байлаа. Иймээс гуравдугаар сарын 12-нд Холбооны Засгийн газар холбооны улсуудын Засгийн газруудтай хамтран заавал дагаж мөрдөх дүрэм журмуудыг баталсан юм. Хүүхдийн цэцэрлэг, дунд сургууль, их сургуулиудыг хаав. Олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлав. Ресторан, зочид буудал, дэлгүүрүүдийг цөөхөн хэдээс бусдыг нь бүгдийг хаасан юм. Хүмүүс гэрээсээ гадуур нэгээс дээш хүнтэй уулзаж болохгүй гэдэг журам баталсан. Гэсэн ч олон хүн чөлөөт цагаараа, ажил олгогчид компани дээрээ заавар, журмуудыг үл ойшоосоор байлаа.

Иймээс Канцлер Ангела Меркелийг гуравдугаар сарын 18-нд хүмүүст хувийн хариуцлагыг нь  хатуу сануулсан уриалга гаргаж  үг хэлэхэд хүргэсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ энэ бол Засгийн газрын зүгээс өгч байгаа сүүлчийн сануулга шүү гэдгийг ч тодорхой хэлсэн.

Хэрвээ германчууд коронавирусын заналхийллийг үл ойшоосон хэвээрээ байх юм бол Засгийн газрын тэргүүний хэлсэн үгийн дараагаар төрийн зүгээс хатуу арга хэмжээг залгуулан авч хэрэгжүүлэх болно, төр төмөр нүүрээ харуулахад хүрвэл энэ нь ардчилалд ядуурлын гэрчилгээ олгохтой адилхан гэж үздэг гэдгээ Канцлер мөн илэрхийлсэн.

Канцлерийн уриалга хүмүүст хүрч, Германд амьдрал асар богино хугацаанд эрс өөрчлөгдсөн юм. Хүмүүс гэр гэртээ үлдэж хоорондын зай барих, эрүүл ахуйн дүрмийг үнэнчээр баримталж эхлэв. Ингэсний хүчинд хүмүүс гэрээсээ гарч болдог, цөөхүүлээ ч гэсэн найз нөхөд, гэр бүлийн хүрээнд уулзалдаж нэгнийдээ зочлох зэрэг бага ч гэсэн эрх чөлөөтөйгөө үлдэж чадсан юм. Олон компани үйл ажиллагаагаа тасалдуулахгүй байх арга замаа олж чадсан. Герман нь Итали, Франц, Испани шиг эрс хатуу биш, Швед, Нидерланд шиг хэт зөөлөн бус Европын бусад оронтой харьцуулахад дундаж замыг сонгосон юм. Энэхүү дундаж зам бодит амжилтад хүргэсэн. Дөрөвдүгээр сарын 2 гэхэд 6.571 хүн шинээр халдвар авснаар таамаглалын дагуу тархалтын дээд цэгтээ хүрсэн юм. Үүнээс хойш шинээр халдвар авагсдын тоо буурч эхэлсэн юм. Тавдугаар сарын 7-нд өдөрт шинээр халдвар авагсдын тоо 1.269 болж буурсан юм. Халдвар авсан хүмүүсийн бусад хүнд халдварлуулах эрсдэлийг 1-ээс доош хүртэл бууруулж чадсан. Нэгээс доош хүртэл бууруулж чадаснаар Германы эрүүл мэндийн системийн ачааллыг хэтрүүлэхгүй байх хэмжээнд хүртэл бууруулж чадсан юм. Германд нийт 170 000 орчим хүн халдвар авсан нь батлагдаснаас 20 000 орчим хүн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний хүчин чадлын 60 орчим хувийг одоогоор ашиглаж байна. 12 000 эрчим эмчилгээний ор өвчтөн хүлээн авахад бэлэн байна. Халдварын тархалтын хандлага энэ хэвээрээ байвал цөөхөн долоо хоногийн хугцаанд шинээр халдвар авагсдын тоог тэглэх боломжтой. Дээрээс нь нэмж хэлэх бас нэгэн эерэг мэдээлэл бол Германд нас барагсдын тоо харьцангуй бага байна. Өнөөг хүртэл Германы нэг сая хүн ам тутамд ногдох нас баралтын тоо зөвхөн 87 байна. АНУ-д харин нэг сая хүн амд ногдох нас баралтын тоо ойролцоогоор 228 байна.

Хэдийгээр Германд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй зөөлөн ч вирусын эсрэг явуулж буй тэмцэлд өндөр үр дүнд хүрч байна. Германы эдийн засагт 1949 оноос хойших түүхэнд байгаагүй муу уур амьсгал ноёлж байна. Германы улс ардын аж ахуйд чухал нөлөөтөй экспортын хэмжээ эрс буурч сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй эдийн засгийн томоохон агшилт тохиох эрсдэлтэй байна. Энэ нь 2008/2009 оны санхүүгийн хямралаас хойш тохиох анхны агшилт болох юм. Гэсэн ч Герман улс олон жилийн үргэлжилсэн эдийн засгийн бүүмийн ачаар хямралд тэсвэртэй, ажрахгүй давах нөхцөл бүрдээд байгаа юм. Төрийн сангууд ч дүүргэлт сайтай байна. Нэн ялангуяа үйлчлүүлэгчдэдээ ойрын зайнаас үйлчилдэг үйлчилгээний салбарын (үсчин, хумс, арьсны гоо сайхны үйлилгээ гэх мэт) ихэвчлэн жижиг компаниуд сүйрдгийн даваан дээр байна. Өнгөрсөн долоо хоногуудад Засгийн газраас олгосон хүнд сурталгүй, өгөөмөр, хэдэн зуун тэрбум долларын цалингийн нэмэлт дэмжлэгийн ачаар жишээлбэл ажилгүйдлийн огцом өсөлтөөс өнөөг хүртэл зайлсхийж чадлаа.

Энэ нь Герман огт ажрахгүй гэсэн үг биш,  бусад орны нэгэн адил коронагийн хямралын нөлөөгөөр дүүрэн байсан төрийн сангууд дундарч хуваарилалтын тэмцэл өрнөх болно. Олон тэрбумын өртөгтэй  авралын хөтөлбөрүүдийг хэн төлөх бэ? Төр хаана нь санхүүжилтээ танах бэ? Хямралын үеэр хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдээс аль нь цаашид үргэлжлэх бэ? Тэтгэвэр нэмэх амлалтаа биелүүлэх мөнгө төрд үнэхээр байгаа юу? 2021 оны намар парламентын дараагийн сонгууль явагдах болно. Коронагийн цар тахлын үр дагавар сонгуулийн кампанит ажлыг тодорхойлох болно.

Германы амжилтын түүх саяхнаас тасалдаж эхлээд байна. Хүн амын дунд карантинаас залхсан байдал хүрээгээ тэлж эхлээд байна. Шинээр халдвар авагсдын тоо эрчимтэй буурснаар зарим сэтгүүлч, улстөрчид аль болохоор богино хугацаанд цар тахлын өмнөх амьдралын хэмнэлдээ буцаж орохыг шаардах шалтгаан нь болж байна. Германы холбооны улсуудын дундаас хүчирхэг нь болох холбооны улсууд холбооны Засгийн газар, холбооны канцлерийн хүслийн эсрэг зогсож хязгаарлалтыг ихээхэн сулруулаад байна. Германы хотуудын төвөөр зугаалж яваа хүнд маск зүүсэн хүмүүсээс өөр “энэ орон тун саяхан онцгой байдалд байсан шүү” гэдгийг сануулах зүйл үлдсэнгүй. Дунд сургуулиуд, дэлгүүр хоршоо, ресторанууд удахгүй нээгдэх болно. Тэр ч байтугай том арга хэмжээнүүдийг хийх эсэх талаар бодолцож эхлээд байна.

Хүмүүс зөвхөн хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, хүмүүс тэр дүрэм журмыг ягштал сайн баримталсны хүчинд л нөхцөл байдал өнөөгийн хэмжээнд хүртэл сайжирсан шүү гэдгийг мартаж эхэлсэн бололтой. Зарим нь нөхцөл байдал ийм хурдан хугацаанд эргэн сайжирч байгаа нь засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэт сүржин байжээ гэдгийг баталж байна гэж хүртэл ярьж байна.

Сүүлийн үед мэргэжилтнүүд болон холбооны Засгийн газраас хэт богино хугацаанд, дэндүү өргөн хүрээнд хязгаарлалтыг сулруулбал халдварын хоёрдох давалгаа дэгдэх эрсдэлтэй, тэгвэл өмнө нь хүн бүрийн хичээл зүтгэлийн хүчинд хүрсэн амжилтаа үнэ цэнэгүй болгоно шүү гэдгийг ахин дахин сануулсаар байгаа боловч хүмүүс чихнийхээ хажуугаар өнгөрүүлж байна.

Германчууд ирээдүйгээ найдвар муутай дэнчинд тавьж эхлээд байна. Коронагийн цар тахлын үед гарсан шийдвэрүүд хэр зөв шийдвэр байж бэ? гэдгийг хэдэн долоо хоногийн дараа л мэдэх боломжтой. Хязгааралтыг сулруулах тухай шийдвэр хэр зөв шийдвэр байж бэ гэдгийг бид мөн хэдэн долоо хоногийн дараа л мэдэх болно.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж