Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, иргэдээ тогтвортой ажлын байраар ханган, үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж буй шилдэг аж ахуй нэгжээр “Сүү” ХК дахин тодорч, “Топ-100 ААН”-ийн хүндэтгэлийн цомоо хүлээн авлаа. “Сүү” ХК тус шалгаруулалтын үндсэн үзүүлэлтүүдийг хариуцлагатайгаар биелүүлэн, 2019 онд борлуулалтын орлогоо 73,9 тэрбумд, цэвэр ашгийн хэмжээг 5,7 тэрбум төгрөгт хүргэснээр “Топ 100” ААН-ийн жагсаалтад цэвэр ашгийн хэмжээгээр 41-т эрэмбэлэгдсэн амжилттай байна. Мөн бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээсээ 20,2 сая литр сүү татан авч, 18,4 тэрбум төгрөгийн орлогыг малчдадаа оруулан, эдийн засаг, амьжиргаанд нь бодит дэмжлэг болов.
Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч байр сууриа хадгалахын зэрэгцээ тус онд хувьцаа эзэмшигчдийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэн, 2019 онд компанийн өмнөх оны нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 3,33 төгрөг буюу нийт 1,14 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан юм.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд томоохон сорилтууд тулгарч байгаа хэдий ч “Сүү” ХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
“Сүү” ХК-ийн энэхүү амжилт нь эрхэм хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагчид, сүү бэлтгэн нийлүүлэгчид, туршлагатай ажилтнууд та бүгдийн хөдөлмөр бүтээлийн хамтын үнэ цэн гэдгийг илэрхийлэхэд таатай байна.
ХАМТДАА ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭЕ.
СҮҮ ХК