Алс холын Амазон омгууд модны холтос, зөгийн балнаас гаргаж авсан уламжлалт эмээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээ эмчилж байгаа аж. Амазонд вирус хурдтай тархаж, хэдийнэ 20 мянган хүн халдвар авч, 1400 хүн нас баржээ. Ийнхүү "Covid-19"-ийн халдвар хурдан тархаж байгаа нь гадны өвчнүүдэд хэт эмзэг уугуул омгийнхны хувьд хамгийн их санаа зовоосон асуудал болоод байгаа юм.
Бразилд нийт 300 омгийн 800 мянган хүн амьдардаг ажээ. Лабораторийн битүү хувцас, амны хаалтгүй алс бөглүү тус улсад өд, навчаар хийсэн малгай бүхий уламжлалт эмчилгээний оточ нар цар тахлыг эмчлэх эмийн ургамал хайгаад завгүй ажиллаж байгаа гэнэ.
Нийт 13 мянган хүнтэй Сатере Мауе омгийн таван эр моторт завиар гол өгсөж, уруудан эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээгүй алс бөглүү нутгийнхаа хүмүүст туслахаар завгүй ажиллаж байна. Түүний омог бусад омгоосоо илүү цар тахалд хүчтэй өртжээ. “Бид өвчтөнүүдээ өөрсдийн өвөг дээдсийн зааж үлдээсэн уламжлалт аргаар эмчилж байна. Бид тус бүрдээ өөр өөр эмчилгээний аргуудаа нэгтгэн туршиж, өвчний шинж тэмдэг бүрт өөр өөр арга хэрэглэж байна” хэмээн омгийн ахлагч ярьжээ.
Цар тахал Бразилын уугуул 40 омогт дэгдэж, 537 хүний шинжилгээний хариу эерэг гарч, 102 хүн нас барсан байна. Сатере Мауе омгийн оточ нар дархлаа дэмжих үйлчилгээтэй карапануба модны холтос, хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй саракурамира модны холтос, мангоны хальс, гаа, зөгийн бал зэргээр цай чанаж, эмчилгээнд хэрэглэж байгаа аж.
Өөрсдийгөө халдвар авсан гэж бодож буй хүмүүс омгийнхоо отчид хандаж эмчлүүлэх ёстой юм байна. “Би сульдаад, уушгинд нэг юм орчихсон юм шиг санагдаж, амьсгалж чадахгүй байсан. Оточ надад эмчилгээний цай өгөхөд миний бие илүү дээрдсэн” хэмээн 35 настай Валда Феррейра ярьжээ. Түүнийг 40 настай, өвөөгөөсөө эмчилгээний арга сурсан Росиване Перейра эмчилж буй юм байна. Түүний өвөө Маркос өдгөө 93 настай бөгөөд өөрийн мэддэг, чаддагаа омгийнхондоо зааж сургасаар байгаа аж.
Ердийн үед уугуул омгийнхон ойролцоох хотын эмнэлгүүдэд ханддаг ч цар тахлаас болоод Бразилын эрүүл мэндийн систем ачааллаа даахгүйд хүрсэн тул уугуул иргэд өөрсдөдөө найдахаас өөр аргагүй болжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ