Хөл хориог сунгавал сонгуулийг яаж явуулах нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Хөл хориог сунгавал сонгуулийг яаж явуулах нь тодорхойгүй байна

Хөл хориог сунгавал сонгуулийг яаж явуулах нь тодорхойгүй байна

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

Энэ жилийн сонгуулийг хөл хорионы дэглэм дор зохион байгуулж магадгүй. Уг асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гаригт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар шийдвэрлэнэ. Тодруулбал, тавдугаар сарын 31-нд дуусах Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг дахин сунгах эсэхийг УОК эцэслэн шийдвэрлэх юм. Хэрэв хөл хориог үргэлжлүүлэхээр болбол сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах мөн санал авах үйл ажиллагаа, тусгаарлах байранд байгаа иргэдийн саналыг яаж авах зэрэг сонгууль тойрсон олон асуудал тодорхой бус болно.

Эрх баригч намын хувьд сонгуулийг цаг хугацаанд нь явуулахаар тогтож намууд, бие даагчид Сонгуулийн тухай хуулийн дагуу бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Энэ мэт Сонгуулийн тухай хуулийн дагуу холбогдох үйл ажиллагаанууд хэвийн явагдаж байна. Харин хөл хориг сунгавал сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг  шинэ нөхцөл байдал үүснэ. Сонгуулийн тухай хуульд энгийн үеийн зохицуулалтууд орсон бөгөөд хөл хорио буюу онцгой нөхцөлд сонгуулийг зохион байгуулж байсан туршлага болоод хуулийн заалт байхгүй.

Хэрэв сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд хийхдээ 10 хүнээс илүүгүй хүнийг нэг дор цуглуулахгүй гэж үзвэл телевизүүдийн цагийг нэмэх зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болно.

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно” гэж заасан нь нэр дэвшигчдэд олдох цаг хомс.

Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд,

  •    Сонгуулийн сурталчилгааны өдрийг нэмэх,
  • –  Цахим орчныг ашиглах зэрэг бүлэг нэмж оруулан хуулийг боловсруулан, баталсан.

Мөн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгасан.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ИНГЭЖ  ЯВАГДАНА

41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

41.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

41.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

41.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

41.2.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.

41.3.Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

41.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 41.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

41.5.Энэ хуулийн 41.3-т заасны дагуу тогтоосон байршилаас өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглоно.

41.6.Нэр дэвшигч нь ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно.

41.7.Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

41.8.“Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

41.9.Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.

41.10.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

41.11.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

41.12.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.

41.13.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

41.14.Энэ хуулийн 39.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.

Зураг дээр дарж томруулж харна уу.

Зураг дээр дарж томруулж харна уу.

44 дүгээр зүйл.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан

44.1.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

44.2.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй.

44.3.Дараах байгууллага, хуулийн этгээд сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй:

44.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

44.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

44.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.

44.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 44.3 дахь хэсэг хамаарахгүй.

44.5.Энэ хуулийн 44.3 дахь хэсэгт шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.

44.6.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.

Зураг дээр дарж томруулж харна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж