Видео хэлэлцүүлгийн үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нээж үг хэлж байгаа нь
Тайванийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээ, алхмууд олон улсад өндрөөр үнэлэгдэж, сайшаал хүлээж байгаа билээ. “Тайвань загварчлал” нь олон улсын хэлэлцүүлгийн анхаарлын төвд байгаа төдийгүй үлгэр дууриал авах нэгэн загвар болж байна. Олон жилийн турш Тайваньтай эрүүл мэндийн салбарт нягт хамтын ажиллагаатай байсан Монгол оронд одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 140 тохиолдол бүртгэгдээд байгаа төдийгүй эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Монгол орон халдварын эсрэг маш сайн, үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж буй туршлагаасаа харилцан суралцах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь Тайванийн Эрүүл мэнд, хамгааллын яамны харьяа Тайпэй эмнэлэг ба Тао Юань эмнэлэг, мөн шинэ коронавирустэй тэмцэх чиглэлээр голлох үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтарсан видео хэлэлцүүлэгийг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Видео хэлэлцүүлгийн үеэр
Энэ удаагийн хамтарсан видео хэлэлцүүлгийг Тайпэй эмнэлгийн орлогч захирал Гуо Сиэнь Хуа, Тао Юань эмнэлгийн орлогч захирал Ван Вэй Жиэ, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгсайхан болон Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нар удирдан явуулсан бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн бүхий л өвчтөнг тусгаарлан, эмчилж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлөөллүүд тус тус оролцсон болно. Эдгээрээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нэгдсэн лаборатори дэвшилтэт шинэ техник тоног төхөөрөмжөөр хангагдсан тул шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх хүчин чадалтай төдийгүй Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан, гадаадын иргэд /гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын ажилтан албан хаагчид/ болон тэдний гэр бүлийн гишүүдийг тусгаарлах ажиглах асуудлыг хариуцан ажиллаж байна.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө тус видео хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Шинэ коронавирусийн халдвар тархаж буй өнөөгийн нөхцөл байдал нь Тайвань-Монголын эмнэлэг хооронд харилцан зочлох, мэргэжилтэн боловсон хүчнээ сургалт семинарт хамруулах үйл хэрэг тасалдахад хүргэж байна. Өнөөдрийн зохион байгуулж буй видео хэлэлцүүлэг нь харилцан туршлага солилцох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүн ардын эрүүл энх, амь насыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Өнөөдөр ДЭМБ-ын Ерөнхий ассамблей мөн видео хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд харамсалтай нь Тайвань энэ онд уригдан оролцох боломжгүй байгаа болно. Халдварт өвчинулс орны хил хязгаарт захирагддаггүй бөгөөд улс орнууд халдварт өвчинтэй тэмцэх асуудлын хүрээнд гар нийлэн хамтран ажиллавал зохино.” хэмээв. Халдварт өвчин дэгдэж эхэлсэн цагаас эхлэн Тайванийн талаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгсэл, хэрэглэгдэхүүн хандивлах, технологи болон туршлага хуваалцах зэрэг хэлбэрээр “Тайвань тусламж дэмжлэг үзүүлэх чадамжтай төдийгүй дэмжлэг үзүүлсээр байна” /Taiwan Can Help, Taiwan is Helping/ гэдгээ хичээн харуулж байна. Тайванийг ДЭМБ-ын холбогдох хуралдаан, системын үйл ажиллагаа арга хэмжээнд оролцуулахад олон улсын нийгмийн зүгээс дэмжинэ гэж найдаж байна.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлөөллүүд дурсгалын зураг татуулав
Уг видео хэлэлцүүлгийн үеэр Монголын тал нь Тайванийн ашиглаж буй вирус илрүүлэх лабораторийн техник тоног төхөөрөмж, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлыг хангах журам, шинжилгээний үед гарсан хог хаягдлыг хаяж устгах горим, эмнэлэгт халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар асуулт тавин хэлэлцүүлэг өрнүүлсэн бол Тайванийн тал нь Монгол орны эмнэлгийн лабораторийн хүчин чадал, нөхцөл байдал, хүнд өвчтнүүдийг эмчлэх арга, амны хаалт болон мэс заслын зориулалттай бээлийг хэрхэн ариутгаж халдваргүйжүүлэн дахин ашиглан хэрэглэх зэрэг асуудлын хүрээнд Монголын талаас туршлага судлав.
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгсайхан хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас өнөөдрийн энэхүү видео хэлэлцүүлгийг зохион байгуулж, Тайванийн Эрүүл мэнд, хамгааллын яамны харьяа Тайпэй эмнэлэг болон Тао Юань эмнэлэгтэй туршлага солилцох боломж олгосонд гүнээ талархаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв маш өргөн агуулгыг хамарсан төдийгүй Монголын тал шинэ төрлийн коронавирусийг илрүүлэх, үр дүнтэй эмчлэх, олон нийтийн газруудад халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, ахуйн нөхцөлд амны хаалтыг ариутган халдваргүйжүүлж дахин ашиглах зэрэг асуудлын хүрээнд шинэ мэдээ мэдээлэлтэй танилцлаа. Цаашид энэ удаагийн видео хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан Тайванийн хоёр эмнэлэгтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд холбоо харилцаатай ажиллаж, хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэн цагаас эхлэн Тайванийн томоохон эмнэлгүүд болон Төв судалгааны хүрээлэн нь хоёр талт болон олон талт видео хэлэлцүүлгийг зохион байгуулсаар ирсэн ба АНУ, Канад, Европын холбоо, Чех, Турк, ОХУ, Номхон далайн өмнөд хэсэг, Төв Америк болон Өмнөд Америкийн найрамдалт харилцаат улс орнуудтай Тайванийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж буй турщлага болон холбогдох дэвшилтэт сайн туршлагаас хуваалцаар ирсэн болно.
Б.ТУЛГА
Холбоотой мэдээ