Монголын Хөлбөмбөгийн Холбоо/МХБХ/-ны гадаа талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолт Супер цомын тоглолтоор эхлэхэд бэлэн болжээ. Энэ жилийн Супер цомын тоглолт 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдана.
Эрчим багийн хувьд "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээндээ бэлдэж байсан ч "Сovid-19" цар тахлын улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ. Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байна. Өнгөрсөн жил "Улаанбаатар Сити" багтай лигт түрүүлсэн тэрбээр багийн удирдлагуудтайгаа үл ойлголцон энэ жилээс буурь сэлгэн "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдсэн. Ямартай ч Н.Цэдэнбалын шинэ багтайгаа хийх дебют тоглолт хуучин багийнх нь эсрэг ажээ.
Ердөө ганцхан тоглолтоор цомын эзнийг шийдэх энэхүү тулаан ирэх зургадугаар сарын 2-ны өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд баг, тамирчид болон МХБХ-ны ажилчид, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулна.
Холбоотой мэдээ