Ам.долларын ханш сонгуулийн дараа огцом өсөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш сонгуулийн дараа огцом өсөх үү?

Ам.долларын ханш сонгуулийн дараа огцом өсөх үү?

Валютын ханш огцом өссөнөөр төгрөгийн ханш унаж, доллар 7000 давна гэж шинэ оны өмнөх эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан твиттер хуудастаа жиргэж байв. Тухайн үед хүмүүс түүнийг “муу амлалаа” хэмээн буруутгасан. Сонгуулийн дараа мөнгөний ханш унаж, доллар огцом өсөх эрсдэл өндөр байгааг эдийн засагчид анхааруулсаар байна.

Өнөөдөр манай улсад ам.долларын ханшийн өсөлт саарахгүй байсаар 3000 төгрөгт хүрэхэд тун ойрхон байна. Сонгуулийн дараа ханш нь огцом өсч, Д.Жаргалсайхан эдийн засагчийн тооцоолсноор 7000 хүрэхгүй гэх баталгаа үнэндээ алга.

Монголбанкнаас зарласан ханшаар өнөөдөр (2020.05.20)-ийн байдлаар ам.доллар 2799.88 төгрөгтэй тэнцэж байна. Төв банкнаас он гарснаас хойш валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй гэж мэдэгдэж буй юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч буй мөнгөний урсгалаас их байсан бөгөөд ам.долларын ханш 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, үүний дүнд гадаад валютын нөөц нэмэгдэн, 4 тэрбум ам.долларт хүрчээ.

Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт зэрэг багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн. Энэ нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлснийг Төв банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв (ОНБМТ)-ийн ахлах эдийн засагч Н.Батжин мэдээлсэн билээ.

ГАДААД ВАЛЮТЫН ЗАХЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЦААШИД ХАРЬЦАНГУЙ ЭЕРЭГ БАЙХААР БАЙНА

Өнөөдөр ам.долларын ханшийн өсөлтийг бууруулах чиглэлээр Төв банкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодрууллаа. Тэрбээр “Гадаад валютын албан нөөц энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 4.1 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор импортын нэг жилийн хэрэгцээг хангах түвшинд байна.

“Ковид-19” цар тахлаас шалтгаалан дэлхийн эдийн засаг царцанги байдалд орж, түүхий эдийн эрэлт, үнэ буурах хандлага ажиглагдаж буй бөгөөд үүнээс шалтгаалан Монгол Улсын экспортын орлого 2020 оны эхний гурван сарын байдлаар 42 хувиар буурч, урсгал тэнцлийн алдагдал 767 сая ам.доллар, төлбөрийн тэнцлийн нийт алдагдал 350 сая ам.долларт хүрээд байна. Монголбанк энэ оны эхний гурван сард цэвэр дүнгээр 375 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Цаашдаа гадаад валютын захын нөхцөл байдал харьцангуй эерэг байхаар байна” хэмээн хариулав.

ВАЛЮТ СОЛИУЛАХ ИРГЭДИЙН ТОО ЦӨӨРЧЭЭ

“Найман шарга” валютын захад 50 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулдаг. Тэнд ам.долларын худалдан авах ханш 2802 төгрөгтэй, худалдах ханш 2806 төгрөгтэй тэнцэж байна.

Валютын ченжүүдийн мэдээлж буйгаар Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш иргэдийн валют солиулах нь 80 хувиар буурчээ. Энэ нь эдийн засгийн бодит хямрал болохыг тэд өгүүлж байна. Ам.долларын өсөлтийг дагаад бусад валютын ханш өсөлттэй байгаа аж. Тухайлбал, юанийн ханш буцаад 393 төгрөгт хүрч өссөн байна.

Валютын ченжүүд “Валют солиулах иргэдийн тоо цөөрсөөр байна. 7000-д хүрнэ гэсэн нь үнэн байх аа. Сонгуулийн дараа төгрөг үнэгүйдэж, валютын ханшийн хүчтэй савлагаанаас үүдэн эдийн засаг дордоно гэдэг оргүй зүйл биш” хэмээн өгүүлсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж