Ардчилсан нам /АН/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.05.20/ мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “АН хийж байгаа аливаа үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй мэдээлдэг. Тавдугаар сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал, АН-ын сонгон шалгаруулах хорооны хурлаар сонгогдон, намаасаа нэр дэвших мандат авсан 76 хүнийхээ нэрийг олон нийтэд албан ёсоор зарласан. Улстөрийн зарим намууд, тэр дундаа эрх барьж байгаа нам өөрийн дүрмийн дагуу Бага хурлаараа шийдэгдсэн албан ёсны тогтоол шийдвэрээ өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлэхгүй байна. Өнөөдөр АН-ын сонгуулийн штаб байгуулагдаж байгааг албан ёсоор зарлаж байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дарга томилогдсон болохыг мэдэгдэж байна. АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөхөө зарлаж байна" гэв.
АН-ын сонгуулийн Ерөнхий менежер Я.Санжмятав “УИХ-ын сонгуульд АН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Эдгээр хүмүүс дунд хууль эрхзүйг боловсруулах, хяналт тавих, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой 25 хуульч, эрхзүйч, 35 инженер, санхүүч эдийн засгийн мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа. Ингэснээр улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргийлэх, хөгжүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм. Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах дайралтууд ирээд эхэллээ. МАН асар их мөнгө зарж АН-ыг харлуулж магадгүй, заримыг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх, сонгуульд ялуулахгүй байх аргыг хэрэглэж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хар суртал ухуулга явуулахгүй, бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг хүсч байна” гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ