Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 264 дуудлага иржээ. Иргэдээс ирэх дуудлагын тоо өссөн байна. Гадаадаас 147 дуудлага иржээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Чех улсаас 17 холбогдож, коронавирусийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан, коронавирус илрээгүй. Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьц авч, тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэлээ. Хүндэвтэр 27 өвчтөн байна.
КОРОНАВИРУСЭЭР ӨВДӨЖ ЭДГЭСЭН ИРГЭН ХИЛЭЭР НЭВТРЭХДЭЭ ХАЛДВАР АВААГҮЙ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Бид нэгдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл 5000 орчим хүнийг хяналтад авч, шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналтад аваад байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн 140 тохиолдлыг ажиглахад таван удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч байна. Эдгээрийн 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Өвчтөнүүдийн дийлэнх нь эрэгтэй. Одоогоор 114 тохиолдол эмчлүүлж байна. Эдгэсэн 13 хүн сувилалд, гурав нь гэрийн ажиглалтад байна. Эмнэлгийн ажиглалтаас гарсан иргэд сувилалд байхдаа хоёр удаа, гэртээ гарсны дараа дахин хоёр удаа шинжилгээ өгч байгаа. Лабораторит нийт 13 орчим мянган шинжилгээ хийсэн. Зарим шөнө 40-400 орчим шинжилгээ хийж байна. Өнгөрсөн долоо хоногт томуугийн тандалтаар 60 гаруй тохиолдлыг шинжилсэн. Эдгээрээс найман хувьд нь коронавирус илэрсэн. Сүүлийн долоо хоногт 42-140 болж тохиолдлын тоо өссөн. Бид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй. Нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн Монголд ирээд коронавирус авсан гэх мэдээллийг цацсан. Энэ бол хуурамч мэдээлэл. Тухайн иргэн ОХУ-ын Улаан-Үд хотод түр амьдарч байсан байна. Улаан-Үд хотод, дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл зургуулаа түрээслэх байранд амьдарч байсан байна. Тухайн иргэн эх орондоо ирээд тусгаарлагдах хугацаанд коронавирус халдвар илэрсэн. Тэрбээр Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн, сөрөг гарсан гэж мэдүүлсэн. Тухайн иргэн Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд бид бүхэн өнөөдрийг хүртэл иргэдээ хамгаалж ирлээ. Халдварын нууц үе дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ тэдэнд туслаж байхдаа халдвар авах эрсдэл өндөр.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, May 19, 2020
Холбоотой мэдээ