НЭМЭЛТ: 10:14 ЦАГТ
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхээс 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Б.Хурц нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцсэн билээ.
Өнөөдөр /2020.05.20/ дээрх есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхлэв.
Тус хэргийн шүүх хуралд улсын яллагч, хохирогч, өмгөөлөгч, шүүгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар оролцож буй. Улмаар ирцтэй холбоотой асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр шүүх хурал түр завсарлаад байна.
Дашрамд дурдахад, уг хэргийн талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлтийг бид өгсөн юм. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо. Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа. Тэгэхээр нуугаад байх шаардлага байхгүй. Энэ хэргийг зөв шийдвэрлэхийн тулд өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч бүтээгүй" хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Э.БУРАМ