Халаасандаа их хэмжээний мөнгөгүй ч дэлхийн хэмжээний хөрөнгөтөн болох боломж хөрөнгийн зах зээл гэдэг энэ гайхамшигт ертөнцөд бий. Энэ ертөнцөөс өнөөдрийн та бидний мэдэх тэрбумтнууд, компаниуд төрөн гарсан гэдгийг мэдэх байх. Энэ боломж өнөөдөр та бидний өмнө хүрээд ирлээ.
Учир юу вэ гэвэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил 2 сая 500 мянга гаруй хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох болсноо дуулгасан. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь юм.
1072 хувьцааны барааг хүлээсэн иргэд ногдол ашгаа авах гэж саяхан хэний ч тоож хардаггүй, цөөн хэдэн хүний үйлчлүүлдэг брокер диллерийн компаниудын ачааллыг нэмэгдүүлээд авлаа.
Одоо энэхүү хувьцааныхаа ногдол ашгийг аваад нэг удаа тансаглаад өнгөрөх үү, аль эсвэл тэрхүү мөнгөө өсгөж, хөрөнгийн зах зээлд оролцож, байгалийн баялагтаа эзэн сууж, дэлхийн хэмжээний хөрөнгөтөн болох уу гэдэг мэдээж таны сонголт.
Хөрөнгийн зах зээл бол миний мэдэх зүйл биш. Хувьцаатай байлаа гээд яах юм бэ гэсэн бодол танд нэг биш удаа төрж л байсан байх. Мөн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны арилжаанд оролцъё гэсэн ч мэдлэг, боловсрол дутмаг байдлаасаа болоод өнөөдрийн энэ боломжийг алдчих вий гэсэн болгоомжлол ч байхыг үгүйсгэхгүй.
Та санаа зовох хэрэггүй. Брокер диллерийн компанийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар та зах зээлийн мэдээллийг авч, арилжаанд оролцох боломжтой шүү.
Байгалийн баялагтаа эзэн суух боломж хөрөнгийн зах зээл дээр л байдаг. Хөрөнгийн зах зээл дээр иргэд бид баялгийнхаа эзэн болъё гэвэл хамгийн түрүүнд хувьцааны данстай, ямар нэгэн компанийн хувьцаатай байх нь анхны алхам билээ. Өнөөдөр энэ боломжийг “Эрдэнэс Тавантолгой” компани бидэнд олгоод байна. Хувьцаатай, хувьцааны данстай байхад та зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компаниар хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж буй компаниудын хувьцааг худалдан авч, арилжаанд оролцох боломжтой юм. Хувьцаа худалдан авна гэдэг та тухайн компанийн эздийн нэг болж байна гэсэн үг билээ.
Хувьцааг мэдчих юм бол, зөв хөрөнгө оруулж чаддаг болох юм бол хил хязгаар, үндэстэн харгалзахгүй, цаг хугацаанаас үл хамааран өөрийн болоод хүмүүсийн хөрөнгийг өсгөх боломж таны өмнө ирлээ.
Магад таныг унтаж байхад л Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл ажиллаж байна. Нью-Йорк дээр авчихсан байгаа хувьцааны ханш тань өсч байвал таны мөнгө өөрөө өөрийгөө өсгөж байна л гэсэн үг.
Монголчууд Уолл Стрийтэд очиж, дэлхийд танигдсан алдартай хөрөнгө оруулагчид болохыг үгүйсгэхгүй юм.
Хувьцаатай -хуримтлалтай иргэд бид үндэстэн даяараа хувьцааны данстай боллоо.