Халамжийн бодлого “хавтгайрах”-ын хэрээр иргэдийн амьжиргаанд сайнаар гэхээсээ илүү саараар нөлөөлж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна гэсэн шүүмжлэл дагалддаг. Нөгөө талаасаа эмзэг, тодорхой бүлгийн хүмүүсээ бодлогоор дэмжих нь төрийн үүрэг. Ингээд төсвөөс олгодог төрийн халамжуудыг хүргэе.
Хамгийн сүүлд гэхэд Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор сар бүр хүүхдэд 100 мянган төгрөг олгож эхлээд байна. Дээр нь хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүнсний талоны хувь хэмжээг ч бас нэмэгдүүлчихлээ. Үүнээс ч өмнө халамжийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн нь нууц биш.
Тухайлбал, “Цалинтай ээж”, “Насны хишиг” хөтөлбөр, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гээд халамжийн цөөнгүй хуультай.
Төрөөс халамжийн чиглэлээр 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Жилд 800 мянга гаруй иргэн төрийн хишиг хүртдэг. Бараг таван хүн тутмын нэг нь халамж авч байна гэсэн үг. Жишээ нь, 250.000 иргэнд хүнсний эрхийн бичиг очдог. Тэдгээрийн 90 000 нь ажил хөдөлмөр эрхлэх насны эрүүл хүмүүс. Өнгөрсөн жил гэхэд халамжийн үйлчилгээнд 670 гаруй тэрбумыг зарцуулжээ. Тодруулбал,
- Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид 2018 онд 2015.1 тэрбум зарцуулсан бол 2019 онд 218.9 тэрбум,
- Цалинтай ээж хөтөлбөрт 2018 онд 96.8 тэрбум зарцуулсан бол 2019 онд 96.8 тэрбум,
- Халамжийн тэтгэвэрт 2018 онд 96.5 тэрбум зарцуулсан бол 2019 онд 99.5 тэрбум,
- Халамжийн бусад хөнгөлөлтийн үйлчилгээнд 2018 онд 55.5 тэрбум, энэ төсвийг танаж 2019 онд 31.1 тэрбум,
- Хүнс тэжээлийн тусламж, дэмжлэгт 2018 онд 42.2 тэрбум, 2019 онд 42.2 тэрбум,
- Нөхцөлт мөнгөн тусламжид 2018 онд 35.2 тэрбумыг зарцуулсан бол 2019 онд 37.5 тэрбум,
- Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжид 2018 онд 29.4 тэрбум, 2019 онд 29.4 тэрбум,
- Амьжиргааг дэмжих нөхцөлд мөнгөн тэтгэмжид 2018 онд 23.1 тэрбум зарцуулсан бол 2019 онд 24 тэрбум,
- Ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлтөд 2018 онд 21.1 тэрбумыг зарцуулсан бол 2019 онд 26.1 тэрбум,
- “Насны хишиг”-т 2018 онд 20.5 тэрбумыг зарцуулсан бол 2019 онд 22.3 тэрбум,
- Жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжид 2018 онд 19.8 тэрбумыг зарцуулсан бол 18.1 тэрбум,
- Тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрт 2018 онд 17.8 тэрбум зарцуулсан бол 2019 онд 21.2 тэрбум болгож нэмэгдүүлжээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжид 2018 онд 12.3 тэрбум, 2019 онд 12.3 тэрбум,
- Ахмад дайчин, алдар цолтой ахмад настны тэтгэмжид 2018 онд 6.4, 2019 онд 6.4 тэрбум,
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 2018 онд 3.3 тэрбумыг зарцуулсан бол 2019 онд 1.8 тэрбум зарцуулжээ.
- Бусад үйл ажиллагааны зардалд 2018 онд 2.1 тэрбум, 2019 онд 2 тэрбум,
- Цаатан иргэний тэтгэмжид 2018 онд 0.4 тэрбумыг зарцуулсан бол 2019 онд 0.6 тэрбум,
- Асрамжийн үйлчилгээ 2018 онд 0.2 тэрбум, 2019 онд 0.2 тэрбум тус тус зарцуулжээ.
Халамж хүртэгсдийн дотор эрүүл саруул, эрхтэн бүтэн хөдөлмөрийн насны залуус, чинээлэг амьдралтай иргэд ч багтдаг гэх шүүмжлэл тасардаггүй. Энэ ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Бодит орлогоо нуудаг, төрийн албанд ажилладаг танил талаа ашигладаг, хамаатан саднаа халамж, тэтгэмжид “хавчуулдаг” зэргээс болж халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрч чаддаггүй гэдэг. Дээр нь жилээс жилд үйлчилгээний төрөл нь нэмэгдсээр байгаа нийгмийн халамжийн бодлого хэт хавтгайрч, буруу тийш эргэсэн гэх олон асуудалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэр анхаарал хандуулж байна вэ. Эдгээр асуудалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Халамжийн үйлчилгээ хавтгайраагүй, зорилтот бүлэгтээ хүрч байгаа” гэх байр суурийг илэрхийлсэн. Тус яамнаас дээрх иргэдийн гомдол шүүмжлэлд үндэслэн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх байдлаар хяналтыг сайжруулах бодлого баримталж байгааг тодотгосон билээ.
ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХАВТГАЙРААГҮЙ
ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.УНДРАЛ:
–Халамжийн үйлчилгээ хавтгайрсан асуудал байхгүй. Төрөөс халамжийн чиглэлээр 72 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр үйлчилгээ нь зорилтот бүлэгтээ хүрч байгаа. Тухайлбал, хүнсний талон. Нэн ядуу өрхийн наад захын хэрэгцээг хангах зорилгоор олгодог энэ үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийг хүн амын бүлгээр нь авч үзвэл 50 хувь буюу 112 мянган хүүхэд, арван мянга орчим ахмад, хорь гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юм.
Хөдөлмөрийн насны иргэдийн тухайд халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх зорилгоор тодорхой нөхцөлүүд тавьж байгаа. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан байх, нийтийг хамарсан ажилд хамрагдах, хүүхдээ вакцинд хамруулах, сургууль, цэцэрлэгт хамруулах гэх мэт шаардлагыг хангах ёстой.
Эдгээр нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд халамжийн мэргэжилтэн маань тухайн иргэнийг хүнсний талоноос хасах эрхтэй. Харин малчин өрх, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дээрх нөхцөлүүд хамаарахгүй. Хүнсний эрхийн бичгийн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний талоныг дундаж болон түүнээс дээш орлоготой айл өрх авч байна гэсэн мэдээллийн мөрөөр бид саяхан шалгалт хийсэн. Нийслэлийн есөн дүүрэгт ажлын хэсэг гарган айл өрхүүдээр явж шалгахад хүнсний талон зорилтот бүлэгтээ л очсон байсан. Хэрэв үнэхээр чинээлэг айл хүнсний талон авч байгаа нь баталгаатай бол манай яаманд баримттайгаар мэдээлэл өгч болно. Энэ дагуу бид шалгана гэлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас цаашид нийгмийн халамжийн бодлогод өөрчлөлт оруулж Нийгмийн хамгааллын тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр болжээ. Энэ хуулийн төсөлд зарим тэтгэвэр тэтгэмжийг нэгтгэх, зогсоох гэх мэт таналт хийх аж. Ингэснээр халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэхэд чиглүүлэх зорилготой юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ